Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ийн 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болно. Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцох бөгөөд гурван улсын удирдагч тус уулзалтын үеэр гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, 1989 онд байгуулагдсан АПЕК нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийг нэгтгэдэг бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 62 орчим хувь, олон улсын худалдааны тал орчим хувийг бүрдүүлдэг. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ “Хамтдаа цэцэглэн хөгжих Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах нь” уриан дор зохион байгуулж байна.
Уулзалтаар бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн чөлөөт худалдааны бүс байгуулах урт хугацааны зорилт болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндөх юм.
Харин энэ удаагийн уулзалтын анхаарал татаж буй үйл явдал нь АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын гурван талт уулзалт юм. Associated Press агентлагийн мэдээлснээр гурван улсын тал уулзалт хийхээр тохиролцсон бөгөөд Трамп Ираны асуудал болон цөмийн зэвсгийн хяналтын талаар хэлэлцэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Украины дайны асуудлыг уг гурван талт уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөөгүй гэж АНУ-ын албаны хүн мэдээлсэн байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа, ОХУ-Украины дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа энэ үед дэлхийн гурван том гүрний удирдагч нэг дор уулзах гэж буй нь олон улсын анхаарлыг татаж байна. БНХАУ хамгийн сүүлд 2014 онд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 12 жилийн дараа дахин даргалагч орноор ажиллаж байна.
Эх сурвалж: Reuters