Литвын нийслэл Вильнюс хотын түүхэн сүмээс Есүс Христийн алтадмал баримлыг хулгайлж, гудамжинд унагаан хагалсан хэрэгтэй холбогдуулан Их Британийн 37 настай иргэнийг сэжигтнээр татан, хилээр гарахыг нь хоригложээ.
Уг хэрэг арваннэгдүгээр сарын 11-ний орой Вильнюс хотын Хуучин хороололд байрлах 15 дугаар зууны үеийн "Тэнгэрлэг өршөөлийн сүм"-ийн хашаанд гарсан байна. Согтуу байсан хоёр жуулчин сүмийн модон загалмайнаас баримлыг салгаж аваад, нэгийгээ утсаараа бичлэг хийж байх зуур баримлыг дээш өргөн "Эзэнийг магтъя" хэмээн хашхирч улмаар чулуун зам дээр унаган хагалж зугтжээ.
Сүмийн санваартан Элияс Анатолиюс Маркаускас хяналтын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэсний дараа цагдаагийн газраас 1989 онд төрсөн Британи эрийг баривчилж, бичиг баримтыг нь хураан авсан байна. Одоогоор түүнд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм. Харин сүмийн зүгээс энэхүү үйлдэлд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч гэмт этгээдүүдийг уучлахыг уриалжээ.
ВИДЕО: