ШҮҮМЖ, ТАЙЛБАР: “МОН-30” автобусыг Хятадын хамгийн хямд, муу сэлбэгээр УГСАРСАН УУ

ШҮҮМЖ, ТАЙЛБАР: “МОН-30” автобусыг Хятадын хамгийн хямд, муу сэлбэгээр УГСАРСАН УУ

-“МОН 30” ЗАГВАРЫН АВТОБУС ALIBABA.COM ДЭЭР 190-230 САЯ
ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон 30” маркийн хоёр автобусны талаарх шүүмжлэл, хэл ам тасрахгүй байна. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэгдсэн хамгийн муу, хямд сэлбэгийг оруулж ирж угсарч “Мон 30” автобусыг бүтээсэн. Ингэхдээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаяг наагаад өндөр үнээр төрд шахсан гэх шүүмжлэл их бий.

Бид энэ мэдээллийг нягтлахаар БНХАУ-ын хамгийн том худалдааны сайт Алибаба.ком /Alibaba.com/ онлайн дэлгүүрт зочиллоо. Тэнд “Мон 30”-тай төстэй шинэ загварын цахилгаан автобус 70,000-85,000 доллар буюу 190-230 орчим сая долларын үнээр зарагдаж байна. Үзүүлэлтийн хувьд ч адил бөгөөд зарим автобус нь бүр илүү байх аж.

“Мон 30” автобус нь гадна загварын хувьд БНХАУ-д худалдаа, үйлчилгээнд хэдийн нэвтэрсэн автобуснуудын загвартай яг ижил байгаа юм. Харин дотоод эд анги, хэрэглэлийн хувьд өөр гэдгийг бүтээсэн инженерүүд нь хэлж буй. Гэхдээ л бид гаднаас сэлбэг, эд хэрэглэлээ авсан нь үнэн гэж буй. Учир нь манайд машины эд анги, бусад хэрэглэлийг үйлдвэрлэдэг үйлдвэр нэг ч үгүй. Ядаж л автобусны их биеэ БНХАУ-аас оруулж ирсэн нь тодорхой байгаа юм.

БНХАУ цахилгаан автобусны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгд жагсдаг. Тиймээс сонголт их, үнэ хямд. Энэ нь ганц Alibaba.com сайт руу ороход л харагдана.

“Монгол машин индастриал” компанийн инженерүүдийн туршилтаар бүтээсэн “Мон 30” автобус нь хоёроос гурван цаг цэнэглээд 180-200 км зам туулах хүчин чадалтай гэж буй. Тиймээс төрд 495 сая төгрөгийн өртөгтэй гэдэг.

Р.БАЯСГАЛАН: “МОН 30” АВТОБУС СТАНДАРТЫН ШААРДЛАГА
ХАНГАХГҮЙ БАЙГАА

Гэхдээ тус загварын автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл гурав” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн чинь асуудал гараад салаагүй гэдэг. Тодруулбал, “Зорчигч тээврийн тээвэр 3” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан “Нэг автобус нь асахгүй байгаа. Угсарсан байгууллагын инженерүүд ирсэн боловч асахгүй байгаа шалтгаанаа тогтоож чадаагүй юм байна. Нийтийн тээврийн автобусанд MNS 5012 гэдэг стандартыг мөрдөж явдаг. Энэ стандартын шаардлага хангахгүй байгаа.

Зарим зүйл дутуу байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах боломж бүрдээгүй байна. Стандартын дагуу бүх зүйл болчих юм бол үйлчилгээнд явах боломжтой. Нийтийн тээврийн газраас авто тээврийн улсын байцаагч ирж үзээд дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд MNS 5012 стандартыг бүрэн хангуулсны дараа нийтийн тээвэрт явуулах хэрэгтэй гэсэн албан шаардлагыг манай байгууллагад явуулсан байгаа. Манай байгууллагын нэг автобус өдөрт дунджаар 190-300 км явж нийслэлийн иргэдэд үйлчилгээ бүрэн хүргэх ёстой. Энэ автобусны хувьд ийм боломж нь хомс байгаа юм. Ашиглалтад анх удаа гаргах гэж байгаа. Бидний туршилтаар 35 км явах боломжтой байна. Нэг км-т 1.5 хувийн цэнэг зарцуулж байна. Иймээс стандартын шаардлага хангуулах хэрэгтэй. Стандартын шаардлага хангачих юм бол нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой” гэсэн юм.

Д.АРИУНБОЛД: УЛСЫН БАЙЦААГЧ ХҮЛЭЭГЭЭД АВЧИХВАЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВАХАД БЭЛЭН

Харин тус автобусыг үйлдвэрлэж, угсарсан "Монгол машин индастриал" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос энэ талаар тодруулахад “БНХАУ-д үйлдвэрлэсэн автобустай яаж бодоод үнийг нь дүйцүүлээд байгаа юм. Тэгэх боломжгүй шүү дээ. Герман болон Европын орнуудад манайхаас илүү үнээр авдаг. Энд үйлдвэрлэлийнэ хөлс орно. Бид доторлогоог Монгол базальтын чулуун хөвөнгөөр хийсэн. Цантахаас сэргийлж вакум цонх хийсэн.

Цахилгаан тээвэр компани 2006 онд Монгол Улсын анхны троллейбусыг үйлдвэрлэсэн. Нийт 80 троллейбус үйлдвэрлэсэн нь 12 жил үйлчилгээнд яваад, стандартад заасны дагуу 2018 онд актлагдсан. 20 орчим нь одоо ч үйлчилгээнд явж байгаа. Энэ нь монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж чадна гэдгийг баталж байгаа юм. Монгол инженерүүд автобус бүтээгээд ирэхээр дагаад шилний бас бус цонх, шилний гэх мэт олон үйлдвэр дагаад бий болж байна. Баттерей нь ажиллахгүй байна гэж шүүмжилсэн. Сүүлд сэтгүүлч нарыг оруулж танилцуулахад аймар халуун гадуур хувцсаа тайлаад байсан шүү дээ” гэсэн юм.