Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсад ажилласантай холбоотойгоор Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб хэлэхдээ "Монголын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ.
Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зарлага санхүүжилтийн хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирч, Засгийн газрын өрийн хэмжээ 13 хувиар буурч, ДНБ-ний 75 хувь болж буурчээ. Гадаад секторын өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Гэвч Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хүртээмжтэй байж чадахгүй байгааг өрхийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас харж болно.
Засгийн газрын өрийг хангалттай хэмжээгээр бууруулах үүднээс нэгдсэн төсвийн хүүгийн зардлыг хассан тэнцлийг энэ онд хамгийн багадаа ДНБ-ий 1 хувь, 2020 оноос хойш 2 хувьд барих нь зөв.
Эцэст нь, төсвийн зарлагыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардалд түлхүү чиглүүлснээр ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх үр өгөөжийг илүү өргөн хүртээх нөхцөлийг бүрдүүлж чадна. Монгол улсын Эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр томоохон амжилтад хүрч чадсан. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, болгоход санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, ХАА-н бодлогын шинэ түвшинг гаргах нь чухал ач холбогдолтой байна. Гадаад зээл, санхүүжилт, зээл их байх тусам тогтвортой байх боломжгүй болно.
Мөн сонгуулийн жилд мөнгөний бодлогоо сулруулдаг нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэлээ.