Ц.Элбэгдоржийн нийтлэлд гарч буй хэлмэгдсэн “АРВАН ДӨРВӨН” иргэн хэн бэ

Ц.Элбэгдоржийн нийтлэлд гарч буй хэлмэгдсэн “АРВАН ДӨРВӨН” иргэн хэн бэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бичсэн “Арван дөрөв” гэх нийтлэл олны анхааралд ороод байна. Тэрээр нийтлэлдээ “хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн гудайх тэр толгой, маргааш нь шүүхээс хүн хилсээр шийтгэхийг шаардан сөөнгөтөх нь гачлантай. Монголын эмгэнэл дуусах болоогүй аж” гэсэн юм.

"Арван дөрөв" нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Учир нь тэрээр энэхүү нийтлэлээрээ одоо хорих ангид ял эдэлж буй АН-ын гишүүн С.Баярцогт, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор нарын зургаан хүн, МАН-ын гишүүн С.Баяр, Д.Дамба-Очир, Г.Солтан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын таван хүн, мөн дээрх хүмүүстэй хамсаатан гэх үндэслэлээр ял эдэлж буй М.Энхсайхан, Ч.Давааням, Б.Бадрал нарын гурван хүн нийт 14 хүний талаар дурьдсан байж болзошгүй байна. 

-83 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛД ДАХИН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЯВАГДСАН УУ-

Ц.Элбэгдорж “Арван дөрөв” гэх нийтлэлдээ “Анхны “арван дөрөв”-ийг 1937 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд улсын Төв театрын тайзнаа шүүжээ. Үүнээс хойш шүүх хурал болсонгүй. Шүүхийг дахин, дахин жүжиг болгож ард олныг хуураад байх боломж тэр үед ч байгаагүй биз. Шүүхийн оронд Хорлоогийн Чойбалсан биечлэн толгойлсон гурван хүнтэй “Онцгой бүрэн эрхт комисс” бүх хүний хувь заяаг шийдэж эхэлсэн” хэмээгээд. 

Яг дээрх эмгэнэлээс хойш 83 намрын дараа Монголд дахин 14 хүн шийтгэл сонслоо. Ардчиллын ачаар Монгол Улс иргэнээ цаазлахаа болиод дөнгөж 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Дээрх 14 хүнийг “ал”, “цаазал”, “дүүжил” гэх дуу хоолой намдаагүй байна” хэмээжээ. 

ТЭГВЭЛ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ЯЛ АВСАН БАЙДЛЫГ ТОДРУУЛБАЛ: 

  • Эрдэнэс Монгол ХХК-иын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Оюутолгой ХХК-ийн монголын талын захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нарыг олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан, татвараас чөлөөлсөн гэх үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан юм. 
  • Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авилга авсан гэх үндэслэлээр ял оноосон бол Петровисын Ч.Даваанямыг С.Баяраар дамжуулж Оюутолгой компанид шатахуун нийлүүлсэн гэх үндэслэлээр ял оноосон билээ. 
  • Харин УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ял оноосон юм. 
  • УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаярыг НХХЯ-ны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн мөнгийг албан тушаалаа ашиглаж бусдад буюу нэр бүхий гишүүдэд зээлдүүлсэн гэж ял оноосон бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутган ял оноосон. 
  • Харин УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан ЖДҮХС-аас зээл авч, зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр тус бүр хорих ял оноогоод байгаа юм. 
  • Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Таван толгой төслийг төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь цогцоор нь хөдөлгөх агуулгатай гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад, улс төрийн шалтгаанаар хэлмэгдэн ял эдэлж буй гэдэг. Учир нь түүнийг 2013 онд “Lexus LX570” автомашин 75 сая төгрөгийн үнэтэй байхад 130 сая төгрөгөөр худалдан авч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэх үндэслэлээр 4 жилий хорих ялаар шийтгэсэн юм.