ХЭРГИЙН ГАЗАР: Амиа алдсан охины зургийг “хөдөлгөөнт хошин” болгож, цацсан байсныг таслан зогсоожээ

ХЭРГИЙН ГАЗАР: Амиа алдсан охины зургийг “хөдөлгөөнт хошин” болгож, цацсан байсныг таслан зогсоожээ

Арван нэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Энэхүү хэрэгт түүний төрсөн бага ах 18 настай Г-г сэжиглэн шалгаж байгаа юм. 

Энэ талаар ЦЕГ-аас “Гэрээсээ гараад ор сураггүй алга болсон 16 настай охины амь насыг онц харгис, хэрцгий аргаар хөнөөж, хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд хаясан 18 настай иргэн Г-г албан хаагчид илрүүллээ” гэж мэдэгдсэн. 

ВИДЕО:  ЦЕГ-ын мэдэгдэл 

-АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН 03-НД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН ОХИНЫ
ЦОГЦОС 20 ХОНОГИЙН ДАРАА ОЛДОВ-

Хэргийг тодруулбал, 16 настай талийгаач айлын ганц охин байсан бөгөөд бага ах Г-г болон ээжийнхээ хамт Чингэлтэй дүүрэгт нийтийн байранд амьдардаг байж. Харин тэдний том ах нар нь тэднээс тусдаа амьдардаг байж. Ингээд охин хамгийн сүүлд гэрийнхэн рүүгээ “Гандангийн ойролцоогоос III, IV хороолол руу явах гэж байна. Удахгүй очно” гэж утсаар яриад дахиж холбоо бариагүй байна. Иймд ээж нь бага ах Г-н хамтаар түүнийг Хороолол, Гандан газраар нь хайж, эцэст нь цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 7-нд өргөдөл гаргажээ. 

Харин арваннэгдүгээр сарын 23-ны 21:45 цагийн үед цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутагт хүний цогцос байна” гэсэн дуудлага иргэнээс иржээ. Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг хийсэн байна. Ингээд тухайн өдрийнхөө 23:00 цагийн үед талийгаачийн ээжийг Сүхбаатар дүүргийн II хэлтэст яаралтай ирэхийг мэдэгджээ. Тэрээр гурван хүүгийнхээ хамт очиход, түүнд "охины амиа алдсан гэх гэрэл зургийг үзүүлж, дараа нь гурван хүүгээс байцаалт авч, үүний дараа бага хүү Г-г саатуулсан байгаа юм. 

-ЭНЭ БОЛ ЦЭВЭР ГҮТГЭЛЭГ-

Иймд цагдаагийн алба хаагчид бага хүүг нь “зодож дарамтлан, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж магадгүй” хэмээн ар гэрийнхэн нь хэвлэлд ярьсан юм. Мөн талийгаачийн ээж “Манай хүү дүүгээ хөнөөх хүн яавч биш, хүнлэг зөөлөн, даруухан, аймхай хүүхэд. Тийм байхад яаж дүүгээ хөнөөчхөөд, тэр жаахан биетэй хүүхэд хоёр шуудайнд хийгээд, үүрээд хаа байсан Сүхбаатар дүүрэгт очих билээ. Энэ бол цэвэр гүтгэлэг” хэмээжээ. Одоо тус хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй ажээ.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсэг

-СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ, ӨС ХОНЗОНДОО ГҮН АВТСАН
ХҮН ИЙМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ-

Сүхбаатар дүүргийн XVIII хорооны ойр орчим уулаар хүрээлэгдсэн байх ба эзгүй гуу жалга, гудамж цоорхой их тааралдах ажээ. Харин охины цогцос хүн бага явдаг эдгээр гуу жалгатай, гудамжнуудын нэгээс олдсон бололтой. Охин амиа алдахаасаа өмнө ээжийнхээ эгчид “Манай гэрийн хажууд орон гэргүй, архи уудаг гурван ах байдаг. Тэднийг би нэг удаа цагдаад бариад өгчихсөн чинь намайг “ална” гээд байдаг болчихсон. 165 см орчим өндөртэй, сахалтай ах нь “Чамайг нэг л өдөр цааш харуулна” гэж занаж, хараасан. Би тэднээс үнэхээр айгаад байна” гэж ярьсан тухайг нь хэвлэлүүд мэдээлсэн юм.  

Тус хэрэг гарсны дараа талийгаач охины зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж зарим нэр бүхий facebook хуудсууд тус зургийг нь ашиглан “meme” буюу хөдөлгөөнт, хошин зураг хийж цацсан зэрэг ёс бус үйлдлүүд гарсан тул Цагдаагийн байгууллагаас тус үйлдлийг шуурхай таслан зогсоосон байна. 

Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа тус facebook хуудаснуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлжээ. Үүний дараа уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дахин мэдээлэхгүй байхыг анхааруулж, өндөр нууцлал, хамгаалалтын дор хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Албаны эх сурвалжаас мэдээлэхдээ “олон нийтийг айлгаж, түгшээхээс сэргийлэн дээрх хэрэг шиг онц ноцтой гэмт хэргүүдийг хуулийн байгууллага аль болох нуух тохиолдол бий. Мөн ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн сэтгэцийн өөрчлөлттэй эсвэл өс хонзондоо гүн автсан хүн л үйлддэг” гэсэн юм.