Хорио цээрийн дэглэм зөрчиж, саад учруулбал ₮500,000-аар торгох, эсвэл нэг сар баривчилна

Хорио цээрийн дэглэм зөрчиж, саад учруулбал ₮500,000-аар торгох, эсвэл нэг сар баривчилна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коронавируст халдварын тохиолдлын шинэ голомт үүссэнтэй холбоотойгоор Гамшгийн тухай хуулийн дагуу Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар хэрвээ иргэн, хуулийн этгээд Гамшгаас хамгаалах хууль зөрчвөл дараах хариуцлагыг хүлээнэ.

Худал мэдээлэл түгээсэн хүнийг ₮500,000, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгоно

  1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэм зөрчих, саад учруулбал хүнийг ₮500,000 эсхүл 1 сар баривчилна

  1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Халдварт өвчний үед мэдээллийг саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг ₮5,000,000-аар торгоно

  1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүнийг ₮100,000, хуулийн этгээдийг ₮1,000,000-аар торгоно

  1. Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гамшгаас хамгаалах зорилгоор байгуулсан байгууламжийг эвдсэн бо хуулийн этгээдийг ₮5,000,000-аар торгоно

  1. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуулиар хориглосон ажиллагаа явуулбал хүнийг ₮100,000, хуулийн этгээдийг ₮1,000,000-аар торгоно

  1. Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.