Амиа алдсан залуус майхандаа “шахмал түлш” хэрэглэсэн байж болзошгүй байна

2020-12-23 11:35

Амиа алдсан залуус майхандаа “шахмал түлш” хэрэглэсэн байж болзошгүй байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны Бага чулуут гэх газарт аялж явсан залуусын тав нь угаартаж амиа алдсан хэрэг энэ сарын 21-ны өдөр гарсан. 

Тодруулбал, тэд 10-уулаа гурван автомашинтай хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө тус газрыг зорьсон байгаа юм. Улмаар эдгээр залуус зорьсон газраа ирж хоноглож, автомашиндаа тав, майханд тав нь хоносон байна. Ингээд майханд хоносон таван залуу болох 33 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Э, 36 настай эрэгтэй О, 36 настай эрэгтэй Б нар ил харагдах шархгүй нас барсан байжээ. 

Учир нь тэд гал түлдэг, жижиг хэмжээтэй аяны зуухтай явсан бөгөөд, амиа алдсан таван залуу майхандаа шахмал түлш түлснээс үүдэн угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. 

Харин хэрэг гарсан Естийн халуун рашаан нь Төв аймгийн Эрдэнэ сумаас 200 орчим километрийн зайтай, тус сумаас мориноос өөр унаагаар хүрэх боломжгүй газар аж. Иймд эдгээр залуус Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин автомашинаар тус газарт хүрсэн байх магадлалтай байгаа юм. Мөн тус газарт гар утасны сүлжээ барьдаггүй бөгөөд золгүй явдал болсны дараа зарим залуус нь Батсүмбэр сумын нутаг руу ирж, хуулийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байх талтай байна. 

Сонирхуулахад, Естийн халуун рашааны орчимд тогтмол үйл ажиллагаа явуулдаг амралтын бааз байдаггүй бөгөөд нутгийн амрагчдад зориулж модон байшин бариад орхисон газар байдаг байна. 

Тэдний унаж явсан автомашинууд

Зураг: Тэдний унаж явсан автомашинууд

ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСООР УНШИНА УУ!

2020-12-22 09:42

Амиа алдсан ТАВАН залуугийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна

Булган аймаг руу явсан 4-5 залуу амиа алдсан, харамсалтай хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн.  

Тэгвэл тус хэрэг Булган аймагт биш Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны Бага чулуут гэх газарт гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Тодруулбал, өчигдөр /2020.12.21/ 13:00 цагийн үед дөрвөн хүн нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд Төв аймгийн Цагдаагийн алба хаагчид Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг дайчлан, 16:00 цагийн үед хэргийн газарт очжээ. Гэтэл анх “дөрвөн хүн нас барсан” гэсэн дуудлага өгсөн бол, хэргийн газарт таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байжээ.

Учир нь эдгээр залуус угаартаж амиа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд тэд тус газарт хоноглохдоо өвлийн майханд гал түлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тэдэнтэй хамт явсан ч, өөр газар буюу автомашиндаа хоноглосон залуусын биеийн байдал нь хэвийн байгаа аж.  

Эдгээр залуусын гурав нь энэ үеэр амиа алджээ. Зургийн өнгийг бууруулав

Зураг: Эдгээр залуусын гурав нь энэ үеэр амиа алджээ.

Амь хохирогчид нь Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг тогтоосон байна. Улмаар цогцсуудыг өчигдөр орой нисдэг тэргээр нийслэлд авчирсан бөгөөд өнөөдөр ШШҮХ-ээс задлан шинжилгээ хийж, тэд угаартаж амиа алдсан уу, эсвэл өөр зүйл нөлөөлсөн үү гэдгийг нарийвчлан тогтоох ажээ. 

Тодруулбал, эдгээр залуус гурав хоногийн өмнө 10-уулаа гурван автомашинтай тус газрыг зорьсон байж болзошгүй байгаа бөгөөд Нийслэлд тогтоосон Онцгой дэглэмийн үеэр тэд ямар замаар хотоос гарсан. Хотоос гарахад нь хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн эсэхийг тогтоох ажил ч мөн хуулийн байгууллагад явагдаж байгаа аж. Учир нь эдгээр залуугийн дотор Сангийн сайд байсан хүний төрсөн дүү Г, томоохон зочид буудлын эзний хүү Э зэрэг Монголд нөлөө бүхий эрхмүүдийн хүү, дүү нар байсан байгаа юм. 

Мөн амиа алдсан залуусын ар гэрийн хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, нэлээдгүй хүнд байгаа аж. Зарим нь эмнэлгийн тусламж ч авсан байна. Иймд тус хэрэг явдлын талаар янз бүрээр мэдээлэхгүй байхыг албаны эх сурвалж хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүслээ.