Цианид натри алдсан “Баян-Айраг эксплорэйшн” компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Цианид натри алдсан “Баян-Айраг эксплорэйшн” компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Завхан аймгийн “Баян-Айраг эксплорэйшн” компанийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианид натри агуулсан уусмал асгарсан осол энэ сарын 11-ний өдөр  гарсан.

Тухайн осол нь баяжуулах үйлдвэрийн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэрийн хооронд угсарсан, ядуу уусмал /цианит натрийн 63-70 ppm концентрацтай/ дамжуулах зориулалттай 110 мм –ийн диаметртай HDPE хуванцар хоолойн наалт, гагнуураараа задарч 20-25 тн уусмал бетонон хучилттай болон нягтруулалт хийсэн хөрсөн талбайд асгарчээ. Аймгаас томилогдон ажилласан ажлын хэсэг 260 м2 бетонон хучилттай талбайд тунасан уусмалыг насосоор соруулан уусмалын сав руу шахаж, 553 м2 хөрсөн талбайн өнгөн хэсгийг 20-50 см гүнтэй хуулалт хийж нуруулдан уусгалтын овоолгод буулгуулан 813 м2 талбайд саармагжуулалт хийж ариутгасан байна. Завхан аймгийн Цагдаагийн газраас осолтой холбогдуулан тус компанид эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Шалгалтаар уусмал дамжуулах хоолойг усралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлага хангуулаагүй, зураг төслийг иж бүрэн хийж гүйцэтгээгүй, захиалагч байгууллагаас хяналт хангалттай тавиагүйг илрүүлжээ. Түүнчлэн ашиглалтын явцад урсгал болон их засвар, үйлчилгээний ажил хийгдээгүй, технологийн хэвийн ажиллагааны горим баримтлаагүйгээс хоолойд эвдрэл үүссэн нь тогтоогдлоо. Мөн шугам хоолойд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, их урсгал засварыг дүрмэнд заасан хугацаанд чанартай хийгээгүй, Байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, технологийн шугам хоолойд үүсч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж ажиллаагүй, техник ашиглалтын заавар, дүрэм, журмыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд Ашигт малтмалтын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн тус компанийн үйл ажиллагааг Улсын байцаагчийн актаар хоёр сарын хугацаанд зогсоож, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулах үүрэг өглөө. Энэ хугацаанд зөрчлийг засахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах аж.