Хил зөрчиж ОХУ-ын талд саатуулагдсан байлдагч О-ыг "өгөх боломжгүй" гэжээ

Хил зөрчиж ОХУ-ын талд саатуулагдсан байлдагч О-ыг "өгөх боломжгүй" гэжээ

Сүүлийн жилүүдэд Монголын зэвсэгт хүчинд “хугацаат цэргийн алба хааж буй залуус” амиа хорлох, ажил хийж яваад золгүй байдлаар эрсдэх, оргох тохиолдол нэлээдгүй гарах болсон.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймаг дахь 0311 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн морин уналга, зэвсэг хэрэглэлтэйгээ оргож, амиа хорлосон хэрэг гарч, олны сэтгэлийг эмзэглүүлж байв. Тэгвэл яг үүнтэй төстэй байж болзошгүй хэрэг /2020.12.19/ энэ сарын 19-ны өдөр Увс аймагт дахин гарч, тухайн алба хаагч ОХУ-ын талд баригдаад байгаа гэх албаны мэдээлэл байна.

Тодруулбал, Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан, байлдагч О энэ сарын 19-ний шөнийн 03:00 цагийн орчимд харуулын байрнаас гарч яваад олдохгүй байна” гэсэн дуудлага, мэдээллийг тухайн өдрийн 12:40 цагт өгчээ. Улмаар тус мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн газраас бие бүрэлдэхүүн томилогдон шалгахад байлдагч О цэргийн анги байрлалаа орхин явж төөрөн, хил зөрчиж ОХУ-ын талд саатуулагдсан байжээ. Байлдагч О нь өдгөө 22 настай бөгөөд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат нэгэн аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын цагдаагийн хэлтсийнхэн тус цэргийг авахаар ажиллаж буй бөгөөд ОХУ-ын талаас “өгөх боломжгүй” тэр дундаа коронавирусийн халдвартай энэ үед шилжүүлэхгүй гэж мэдэгджээ.

Мөн ОХУ-ын талаас уг хэргийг маш нарийвчлан шалгаж буй гэх мэдээлэл ч байна.