Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн  иргэнийг хорих байгууллага руу хүргэх явцад шинжилгээнийх нь хариу эерэг гарчээ

Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн иргэнийг хорих байгууллага руу хүргэх явцад шинжилгээнийх нь хариу эерэг гарчээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хорих газарт ял эдэлж байгаа хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх талаар энэ төсөлд оруулсан эсэхийг тодруулав. Харин хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх зохицуулалт хуулийн төсөлд тусгаагүйг Шадар сайд Я.Содбаатар онцолсон юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 4500 орчим хүн ял эдэлж байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1000 гаруй хүн бий. Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан гээд нийт 6300 гаруй хүн хоригдож байна.

Эдгээрээс архаг хууч өвчтэй болон 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Архаг сүрьеэ, хууч өвчтэй болон коронавируст халдварт өвчтөнд нэрвэгдэж болзошгүй хүмүүсийн судалгаа гарсан.

Үүнээс гадна цагдан хорих хүмүүсийг хүргэж өгөх үйл явцад хүндрэл үүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн сайдтай ярилцаж, хамтарч ажиллаж байгаа" гэв.