НЗДТГ-ын ажилчид QR кодыг бэлэглэсэн, 300 мянган төгрөгөөр худалдсан гэх хэргийг ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

НЗДТГ-ын ажилчид QR кодыг бэлэглэсэн, 300 мянган төгрөгөөр худалдсан гэх хэргийг ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 14 хоног /2020.12.23-2021.01.06/-ийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын хүмүүсээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрхийг хязгаарлаад буй.

Товчхондоо өмнөх хөл хорионы үеэр QR код авсан 23 мянган тээврийн хэрэгсэл дээр нэмээд 800 гаруй автомашинд л тус кодыг олгоно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл өмнөх хөл хорионы үетэй харьцуулбал автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж 30 мянга давсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй.

Иймд Улсын Онцгой комисс /УОК/-оос Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандаж “автомашины хөдөлгөөн яагаад цөөрөхгүй байна” гэх асуулга, шаардлагыг тавьсан байна. 

Ингээд өнгөрөгч ням, даваа гараг /2020.12.27-28/-иудад Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-т шалгалт явуулжээ. Гэтэл тус газрын зарим албан тушаалтнууд QR кодыг бусдад бэлэглэсэн, мөн зарим мэргэжилтэн тус кодыг 250-300 мянган төгрөгөөр бусдад худалдсан байж болзошгүй ноцтой зөрчлүүд илэрчээ. Иймд хуулийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг цааш нь үргэлжлүүлж байгаа аж. Мөн QR кодыг бусдад худалдсан байж болзошгүй НЗДТГ-ын зарим мэргэжилтнүүдийг үүрэгт ажлаас нь өчигдөр /2020.12.29/ чөлөөлж, хариуцсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

QR кодонд хяналт тавих ёстой зарим албан тушаалтнууд

Сонирхуулахад, автомашины QR кодын олголт болон хяналтыг чиг үүргийнхээ хувьд Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар хариуцдаг байна. Мөн нийслэлийн засаг даргын захирамжийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг тавьж ажиллаж ёстой ажээ.