2021 онд хэрэгжиж эхлэх ОНЦЛОХ хууль, шийдвэрүүд

2021 онд хэрэгжиж эхлэх ОНЦЛОХ хууль, шийдвэрүүд

Хуучин он солигдож шинэ оны эхний өдөр эхэлж байна. 2021 онд Монгол Улсад ямар ямар хууль, шийдвэрүүд хэрэгжиж эхлэхийг тоймлон хүргэж байна.

-2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЯСЛИ АЖИЛЛАНА-

2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг 12 дугаар сарын 16-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан юм. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Харин тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

-ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА-

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна. Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас санаачилсан  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах  ял маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

-НДШ-ИЙГ 2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1-Н ГЭХЭД 17 ХУВЬД ХҮРГЭЖ БУУРУУЛНА-

КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөсөн юм. НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22%-аар төлөхөөр байв. Харин Засгийн газрын шийдвэрээр ирэх оны эхний хагас жилд НДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлнө.

-ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА-

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

-СУРАГЧИД "ҮДИЙН ХООЛ" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА-

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм. Одоогийн байдлаар манай улсын ЕБС-ийн 1-5 дугаар ангийнхан буюу бага ангийн сурагчид "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ. Энэ шийдвэр анх 2006 онд гарсан бөгөөд I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цай өгдөг. Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

-АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ ТОМИЛНО-

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулснаар, уг хууль ирэх оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. Мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж тусгасан байдаг.

-2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ-

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.