Дөрвөн дүүгээ галаас аварсан 12 настай хүүд гэр хандивлахаар болжээ

Дөрвөн дүүгээ галаас аварсан 12 настай хүүд гэр хандивлахаар болжээ

Өчигдөр /2021.01.27/ 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны III гудамжинд гэр шатсан харамсалтай хэрэг гарсан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид цаг алдалгүй буюу дөрвөн минутын дотор очиж, 35 минут ажиллаж унтраасан байдаг.

-12 НАСТАЙ АХ НЬ ДӨРВӨН ДҮҮГЭЭ ГАЛААС АВАРЧЭЭ- 

Тэгвэл гал гарах үеэр тус гэрт 12 настай хүү, 9, 5, 2 настай болон зургаан сартай охид байсан бөгөөд бүгд галаас эсэн мэнд гарчээ. Учир нь гэрт нь гал эд гарах үеэр 12 настай хүү дээрх дөрвөн дүүгээ шатаж буй гэрээс гаргасан гэдэг. Үүний дараа Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ирж таван хүүхдэд анхны тусламж үзүүлсэн аж. Харин тус гэр бүлд УИХ-ын гишүүн Н.Учрал тусалж, таван ханатай гэр өгөхөөр болсон байна.

Өнөөдөр түүний ажлын албаныхан тус гэр бүлийнхэнтэй уулзаж тусалж, дэмжихээ илэрхийлсэн бөгөөд маргааш /2021.0129/ гэрийг нь барьж өгөх аж. 

Бид гэрийн эзэн А.Мөнх-Эрдэнэ, гэргий н.Ганцэцэг нартай утсаар холбогдож тодруулахад "УИХ-ын гишүүн Н.Учрал тусалсан. Үнэхээр их баярлалаа. Өвлийн хүйтэнд гэнэтийн харамсалтай үйл явдалд өртөж гэр орон, бичиг баримтгүй хүндхэн нөхцөл байдалд үлдлээ. Урд шөнө найзындаа хоносон. Хүүхдүүдээ тэнд үлдээсэн. Тусалж, дэмжиж буй бүх хүнд баялалаа" гэсэн юм. Тус гэр бүл нь хөдөөнөөс ирээд айлын хашаа түрээсэлж амьдардаг байжээ. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Учрал тус 13 дугаар хорооны 250 гаруй өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Уншигч та бүхэн эд хэрэглэл болон бусад зүйлсээр туслахыг хүсвэл доорх утасны дугаарт холбогдоно уу. 

ХОЛБОО БАРИХ ДУГААР: 88278879 Ганцэцэг 

ХАНДИВ ДАНС: 5507057296 Ганцэцэг