Хулгайн замаар хөдөө явсан А.Сүхбат  аваргыг 500 мянган төгрөгөөр торгожээ

Хулгайн замаар хөдөө явсан А.Сүхбат аваргыг 500 мянган төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нэгдүгээр сарын 15-нд коронавирусийн халдварын дэглэм зөрчиж Дорнод аймгийн Халхгол сум руу зөвшөөрөгдөөгүй замаар зорчиж яваад цагдаа нарт баригдсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Түнийг Халхгол сумын онцгой байдлын комиссоос шалгаж улмаар албадан тусгаарласан бөгөөд эх сурвалжийн мэдээлж байснаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хувьд тус сумаас хурдан удмын адуу авахаар явж байгаад ийнхүү саатуулагдсан гэж байсан юм.

Дорнод аймгийн Онцгой комиссоос “А.Сүхбат аваргын тусгаарлалтын хугацаа дууссан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Улаанбаатар руу буцсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хуулийн дагуу “Land Cruiser-200” автомашиныг улсын орлого болгох талаарх хүсэлтийг аймгийн цагдаагийн газраас тус аймгийн шүүхэд хүргүүлсэн. Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. А.Сүхбатын автомашиныг улсын орлого болох үгүйг шүүх шийднэ” гэсэн мэдээллийг хэвлэлд өгч байсан.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу А.Сүхбат болон түүний жолооч нарт тус бүр 500,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.