УИХ-ын гишүүн Ц.Тувааныг “Хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан” гэх хэргээр Цагдаад гомдол гаргажээ

2021-02-01 16:32

Г.Батбаяр: Ц.Тувааныг хүчингүй тамга ашигласан гэх үндэслэлээр Цагдаад шалгуулахаар хандсан

УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэх бүртгэлийг хассан. Ингэснээр Ц.Туваан тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах, тамга тэмдгийг нь ашиглах боломжгүй болсон гэсэн үг юм. 

Гэтэл өнгөрөгч сарын 29-ны өдөр Ц.Туваан АН-ын хүчингүй болсон тус тамгыг ашиглаж “С.Эрдэнийг тус намын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаатай хасах” шийдвэр гаргасан байгаа юм. Харин Ц.Тувааны энэхүү шийдвэрийг зарим гишүүд нь хүчингүй тамга, тэмдэг ашиглаж хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тэгвэл Ц.Тувааныг “Хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан. Тамга тэмдэг нуусан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 23.3.1 –д холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа аж. Бид уг асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож тодрууллаа.

-Хүчингүй тамга тэмдэг ашиглаж шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн Ц.Тувааныг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ц.Тувааныг хүчингүй тамга ашиглаж байгааг холбогдох байгууллагуудаас тогтоосон. Учир нь Ц.Тувааны ашигласан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож, улмаар АН-ын 9020120477 дугаартай шинэ тамгыг Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байдаг. Энэхүү хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа.

Тиймээс уг хэрэг, маргаан шийдэгдтэл хүчингүй тамгыг ашиглахыг болиулахаар өнгөрсөн долоо хоногт /2021.01.25/ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Мөн УБЕГ-ын хяналтын улсын байцаагчид Зөрчлийн хуулийн 10.20.1 дэхь хэсэгт заасны дагуу тамга, тэмдэг хэрэглэх журмыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан байгаа юм.

-Хүчингүй тамгаа ашиглан С.Эрдэнийг хөөсөн гэж үзэж байна уу та?

-Хүчингүй тамгаа ашиглан өнгөрсөн сарын 29-ны өдөр С.Эрдэнийг Ардчилсан намаас хөөсөн шийдвэр гаргасан. Ц.Туваан гэдэг хүн хувь иргэнийхээ эсвэл тус намын жирийн гишүүний хувиар холбогдох газарт хандаж болно. Гэтэл дарга биш байж дарга гээд хүчингүй тамга ашиглаж  байна. Мөн  Улсын дээд шүүхээс Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан шийдвэрийг гаргасан. Гэтэл мэдсээр байж  албан бичиг үйлдэж, эрх бүхий байгууллагуудад хандаад явж байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөх байх.

2021-02-01 11:49

УИХ-ын гишүүн Ц.Тувааныг “Хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан” гэх хэргээр Цагдаад гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэх бүртгэлийг хассан. Ингэснээр Ц.Туваан тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах, тамга тэмдгийг нь ашиглах боломжгүй болсон гэсэн үг юм. 

Гэтэл өнгөрөгч сарын 29-ны өдөр Ц.Туваан АН-ын хүчингүй болсон тус тамгыг ашиглаж “С.Эрдэнийг тус намын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаатай хасах”  шийдвэр гаргасан байгаа юм. Харин Ц.Тувааны энэхүү шийдвэрийг зарим гишүүд нь “хүчингүй тамга, тэмдэг ашиглаж байж эрүүгийн хэрэгтэн болчих вий” гэж түүнд анхааруулж байгаа юм.  

Тэгвэл Ц.Тувааны дээрх шийдвэр гарахаас өмнө зарим АН-ын гишүүд түүнийг “Хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан. Тамга тэмдэг нуусан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 23.3.1 –д холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул энэхүү асуудлыг тус газраас шалгаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 23.3.1 –д “Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.