Ө.Амандык: Ах минь ХӨСҮТ-ийн ажилчдад итгэсэн байхад өөрсдөө алдаа гаргачхаад “Та нарын буруу” гэж уурлаж байна

Ө.Амандык: Ах минь ХӨСҮТ-ийн ажилчдад итгэсэн байхад өөрсдөө алдаа гаргачхаад “Та нарын буруу” гэж уурлаж байна

16 настай С.Ханатбек хүү өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр Улсын Хоёрдугаар эмнэлэгт үзүүлж ясны хорт хавдартай гэдгээ мэджээ. Улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гурван удаагийн химийн эмчилгээ хийлгэж байгаад хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 31-ны өдөр Туркийн Истанбул хотод хагалгаа хийлгэхээр аав, ээжтэйгээ хамт ниссэн байна. Гэсэн ч тэд Сөүлийн онгоцны буудал дээр “гацжээ”.

Учир нь явахаасаа өмнө ХӨСҮТ-д хийлгэсэн COVID-ийн шинжилгээний бичигт ах, эгч, дүү гурвын нэрийг гурвууланг нь алдаатай бичсэнээс гадна олон улсын бус хэллэг ашигласан тул тэднийг нэвтрүүлээгүй байна.

СОНСОХ: 

Хүний нутагт хэл мэдэхгүй, үүгээр ч зогсохгүй С.Ханатбек хүүгийн бие нь тун сайнгүй явахаасаа өмнө хийлгэсэн өвчин намдаах тарианых нь ч үйлчилгээ нь гарч яах ч аргагүй хүнд байдалд оржээ. Тэд Сөүлээс цааш Дохад хүрч тэндээсээ Истанбулд очих байсан. Гэсэн ч ХӨСҮТ-ийн хариуцлагагүй ажилтнаас болж энэ гэр бүл хоёр талын онгоцны билетээрээ “шатсан” байна. Хамгийн гол нь С.Ханатбек хүү ямар ч эрүүл мэндийн тусламж авах боломжгүй нөхцөл байдалд 48 цаг болж байгаа юм. Бид нөхцөл байдал ямар байгаа болон болсон үйл явдлын талаар С.Ханатбекийн авга эгч Амандык Өнерхантай холбогдож ярилцлаа.

-АХ МААНЬ ЛАТИН ҮСЭГ МЭДЭХГҮЙ БОЛОХООРОО ТЭДЭНД ИТГЭЖ НАЙДСАН-

-Сайн байна уу. С.Ханатбек хүү хэзээ шинжилгээ өгсөн юм бэ. Шинжилгээний бичиг дээр чухам ямар алдаа гарсны улмаас дүү болон ах, эгчийг тань цааш нэвтрүүлээгүй вэ.

-Сайн. Дүү болон ах, эгч маань өнгөрсөн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-д ковидийн шинжилгээ өгч маргааш нь буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хариугаа авсан. Гэтэл шинжилгээний бичигт аав, ээж, дүү гурвуулангийн маань нэрийг алдаатай бичсэн байсан. Мөн олон улсын хэллэгийн дагуу шинжилгээний хариуг “Negative”/сөрөг/ гэж бичих байтал “Not detected” /илрээгүй/ гэж “хар ярианы” бичгийн бус хэллэг ашигласан байсан. Үүгээр ч зогсохгүй дүүгийн маань төрсөн өдөр тавдугаар сарын 10 байхад хоёрдугаар сарын 10 гэж зөрүүлсэн. Үүнээс болоод өвчтэй дүү, ах, эгч маань Сөүлд очоод очих газаргүй, хэл мэдэхгүй хүний газар хоёр хоног байлаа.

-Ах тань тухайн үед зөв бурууг нь мэдэж чадаагүй юм байна. Та бүхний зүгээс дахин нягталж шалгасан уу.

-Тухайн үед шинжилгээний хариуг ах очиж авсан. Ах маань латин үсэг мэдэхгүй учраас зөв буруу гэдгийг нь хянаж чадаагүй. Анх шинжилгээнд бүртгүүлэхээр очихдоо ах гадаад паспортуудаа авч очсон. Тухайн ажилтан гадаад паспартоос нэрийг нь харж бичсэн гэсэн үг шүү дээ. Сөүл рүү нисэхэд МИАТ ч давхар бүх бичиг баримтыг шалгаж, явуулсан. Эндээс зүгээр явуулчихсан болохоор бид ч ямар нэгэн асуудал гараагүй юм байна гэж бодсон.

-Дүү тань одоо ямар нөхцөл байдалд байна вэ. Биеийн байдал нь хэр байгаа вэ?

-Оройн нислэгээр явсан тул бид энэ талаар шөнө мэдсэн. Тэнд хэл мэдэхгүй эхэндээ сандарч нэлээдгүй тэвдсэн байна лээ. Азаар интернеттэй газар байсан тул нэг хүн бидэнтэй холбож учир байдлыг хэлсэн. Одоо тэнд онгоцны буудлын ойролцоох газарт байрлаж байна. Биеийн байдал нь маш хүнд байгаа. Дүү маань өвчин намдаах хүчтэй тариагаар л өвдөлтөө намдаадаг. Явахаасаа өмнө нэг л өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэнд очих хүртэл тэсчих байх гэж бодсон юм. Гэтэл хариуцлагагүй ажилтнуудын алдаанаас болж одоо өвчин намдаах тариа ч хийлгэх боломжгүй нөхцөл байдалд орчхоод байна.

-Та бүхний зүгээс шинжилгээ хийлгэсэн эрүүл мэндийн ажилтнууддаа хандсан уу.

-Бид өчигдөр/2021.01.31/ залгаж хэлэхэд “Та нар анхнаасаа өөрсдөө шалгаж авахгүй яасан юм” гэсэн. Гэхдээ нэрийг нь зөв бичсэн эсэхийг шалгаад тэр дор нь засуулсан ч “negative” гэсэн бичгээс болоод дахиад л тийм байдалд орох байсан. Бид тухайн шөнө ХӨСҮТ рүү залгахад утсаа авахгүй, авсан нэг нь “ийшээ ч ярь”, “тийшээ ч ярь” гэж байсан. Бидний буруу байж болно. Гэхдээ тэнд төрийн ажилтан төрийг төлөөлж ажиллаж байж ядаж “Negative” гэж бичихгүй юм аа гэхэд аваад очсон паспортыг нь хараад нэрийг нь зөв бичих хэрэгтэй байсан шүү дээ. Ах маань латин үсэг мэдэхгүй болохоороо тэдэнд итгэж найдсан байхад ийм хариуцлагагүй байж яаж болох юм бэ. Энд дүүгийн маань амь нас яригдаж байна. Гэтэл одоо “та нарын өөрсдийн чинь буруу, анхнаасаа яагаад шалгаагүй юм бэ” гэж уурлаж байна.

-МОНГОЛДОО ГАНЦ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ НЬ ХҮРТЭЛ “ХАВДАР БИШ” ГЭЖ БУРУУ ОНОШЛОСОН-

-Нислэг хойшилсон тул дараа дараагийн төлөвлөгөөт нислэгүүдийн билетүүд ч хүчингүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Доха, Истанбул руу нисэх байсан билетүүд нь хүчингүй болчихлоо. Дүүгийн маань очих эмнэлэг Анкара хотод байрладаг. Истанбулаас цааш Анкара явах нислэгийн билетээ ч гурвуулаа авсан байсан ч бас л хүчингүй болсон. Тэгэхээр дахиад л онгоны билет авч таарна гэсэн гэсэн үг. Ковид-ийн үе гээд цөөн нислэг хийгдэж байгаа тул билетийн үнэ өндөр байгаа шүү дээ.  Гэтэл хоёр улс руу нисэх гурван хүний билет ямар ч хэрэггүй болчихлоо.  Одоо Истанбулд очоод цаашаа нисэх билет олдох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эмч нар эхний дүнгээр хагалгаа, эмчилгээний төлбөрийг 200 сая гэж тооцоолсон. Бид байдаг бүхнээ шавхаж, эцэст нь хандивын аян зохион байгуулсан ч 50 хувьдаа ч хүрээгүй байна. Ийм нөхцөл байдалд бидэнд 1000 төргөг ч хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл билетийн зардлаараа хохироод зогсохгүй, байрлах байрны төлбөр хүртэл төлсөн.

-Шинжилгээнийх нь бичгийг залруулсан уу. Хэзээ Доха руу хамгийн хурдан хугацаанд нисэх боломжтой байна вэ.

-Өчигдөр өглөө /2021.02.01/ паспортынх нь зургийг дахин авч очоод засуулж, явуулсан. Гадаад руу явах гэж байгаа иргэд ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр шинжилгээ өгч байна. Ах, эгч,  дүү маань нийт 450 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Гэтэл нэг танилын маань хэлж байгаагаар сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд үнэ төлбөргүй хийлгэж, хариугаа хэвлүүлээд нотариатаар баталгаажуулж явж болж байна гэсэн. Бид тухайн үед “тэгж өгч болох уу, Ковид-ийн шинжилгээний цэгүүдэд үнэ төлбөргүй хийгдэж байгаа шүү дээ” гэтэл “Гадагшаа явж байгаа бол заавал англи хэл дээр шинжилгээний бичгээ гаргуулна. Тэрийг нь зөвхөн ХӨСҮТ дээр л хийнэ” гэсэн. Хэрэв нотариатаар баталгаажуулахад л болох юм бол заавал 150 мянгаар ХӨСҮТ дээр шинжилгээ өг гэж байгаа нь ашиг олох зорилготой гэж харж байна.

-Дүү тань хэзээ ясны хавдартайгаа мэдсэн бэ.

-Дүүгийн маань бие өнгөрсөн оны гуравдугаар сараас  өвдөж эхэлсэн. Тухайн үед сум, аймгийн эмнэлгүүдээр үзүүлээд онош нь тодрохгүй байсан тул эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очихыг зөвлөсөн.  Гэмтэл дээр очиж хоёр удаа хагалгаанд орсон ч  бас л онош нь тодроогүй. Улмаар Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн. Хавдрын эмч нар бас л “онош нь тодрохгүй байна. Гэхдээ хавдар бол биш” гэсэн. Бид үүнийг сонсоод сэтгэл тайвширсан ч дүүгийн маань бие улам муудсан учир өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Хоёрдугаар эмнэлэгт MRI хийлгэж, био эсийн шинжилгээ өгсний дараа ясны хавдартай гэдгээ мэдсэн. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар Эх нялхас руу явуулж, тэнд гурван удаагийн хими эмчилгээ хийлгэсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 27-нд эмнэлгээсээ гарч, 31-нийг хүртэл гэрээр өвдөлт намдаах эмчилгээ хийлгэж байгаад Сөүл чиглэлийн онгоцоор явсан нь энэ юм.

-Эрүүл мэндийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж л дүү тань тийм хүнд хэцүү байдалд ороод байгаа юм байна. Таны хувьд тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Манай төрийн албан байгууллагын ажилчид ажилдаа үнэхээр хариуцлагагүй хандаж байна. Бүхэл бүтэн хүний амь нас нь яригдаж байхад иймхэн бичгийн алдаа гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Олон хүн Монголоос авсан ямар ч бичиг баримт гадаадад очоод хүчингүй болдог гэж хэлдэг. Гэтэл алдаа гаргачхаад эргээд “Та нарын буруу. Анхнаасаа шалгаж авахгүй яасан юм. Бид нар өчнөөн олон хүнтэй ажиллаж байна” гэж өөрсдөө өмөөрдөг. Эмнэлгийн байгууллагын эмч нар хүртэл “дархлаа суларсан байна” гэж тодорхой хариу өгөхгүй байсаар хугацаа алдсан. Хугацаа алдах тусам дүүгийн маань биеийн байдал муудсан. Монголдоо ганц Хавдрын эмнэлэг нь хүртэл “хавдар биш” гэж оношлосон. Үнэхээр энэ хүмүүсээс хариуцлага нэхмээр байна.

-Ярилцсанд баярлаа.

-Баярлалаа.

Жич: Мирас Өнерхан бидэнтэй ийн ярилцсаны орой /2021.02.01/ С.Ханатбек хүү Доха руу явах онгоцны билетээ дахин захиалж чадлаа гэсэн мэдээ ирсэн юм. Гэхдээ засаж явуулсан шинжилгээний бичиг дээр дахин алдаа гаргасан байсныг тэр дор нь харж азаар асуудал үүсээгүй байна. Доха руу явах билет захиалж чадсанаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Эрүүл саруул болохоор итгэл өвөрлөн алс холыг зорьж буй энэ хүүгийн эмчилгээнд 1000 төгрөг ч нэмэр болно. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж гурван хүн, хоёр удаагийн нислэгийн мөнгөөрөө хохироод байна. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Эсвэл иргэн хохироод үлдэх үү.

С.Ханатбек хүүгийн эмчилгээний хандивын данс:

Хаан банк 5858061278

Данс эзэмшигч: Х. Сайпилмүлик /хүүгийн аав/