Хонь хариулж яваад алга болсон хүү Улаанбаатар хотод дуудлага хийсэн нь тогтоогджээ

2021-02-03 12:44

Сэлэнгэ аймагт хонь хариулж яваад алга болсон хүү Улаанбаатар хотод ирсэн байж болзошгүй ажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т 16 настай А хүү 2020.01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар хонь хариулж яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд энэ сарын 01-ний өдөр А-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулсан байна. Эрэн хайх явцад иргэн А нь 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоож, цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Харин бидэнд олдсон мэдээллээр, “А нь тухайн өдөр хонио хариулах гэж явахдаа өөрийн гар утсаа аваад явжээ. Улмаар хүүг эрэн хайх явцад цагдаагийн байгууллагаас утас руу нь залгаж үзэхэд дуудаад аваагүй байна. Харин утасны дуудлагаар байршлыг нь тогтоож үзэхэд Улаанбаатар хотод байгаа нь тогтоогдсон байж болзошгүй байгаа” ажээ.

Одоогоор хүүг цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод байгаа эсэхийг нь эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ч эрлийн ажиллагаа зогсоогүй, хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.

Хүүгийн хонио хариулж явсан гэх Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар нь төв замаас 2-3 километрийн зайтай бөгөөд хүү тус зам дээрээс Улаанбаатар хот орох унаанд сууж, нийслэлд ирсэн байж болзошгүй байгаа ажээ. 

2021-02-02 10:16

Хонь хариулж яваад алга болсон хүү Улаанбаатар хотод дуудлага хийсэн нь тогтоогджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т иргэн А 2020.01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 02.01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулсан байна. Эрэн хайх явцад иргэн А 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

2021-02-02 08:00

СУРВАЛЖИЛГА: Хонинд яваад сураггүй алга болсон “хүүгийн мөр”-ийг цасан шуурга даржээ

Арван нэгдүгээр сараас эхлэн тогтоосон нийтийг хамарсан хөл, хорионы улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож хүүхдүүд теле болон цахимаар хичээлээ үзэн, өдрийг өнгөрөөж байгаа бол зарим нь хөдөө явж хамаатан, садандаа тусалж буй. Иймд хүүхдүүд хөдөө, орон нутагт мал хариулж яваад хүйтэнд бээрч, гар, хөл нь хайрагдах, төөрч алга болох тохиолдол сүүлийн саруудад олноор гарах болоод байна.

Тухайлбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт хониндоо яваад төөрсөн 8 настай Н.Биндэрьяа охин осгосон байдалтай бүтэн 13 цагийн дараа модон дотроос эсэн мэнд олдсон юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Баяны энгэр хавчуу” гэх газарт өвөлжиж буй эмээдээ туслахаар Улаанбаатар хотоос очсон ЕБС-ийн сурагч 16 настай А хүү өнгөрөгч амралтын өдрийн бямба гараг /2021.01.30/-т хонинд яваад сураггүй алга болоод гурав хонож байна. Иймд бид эрлийн ажилд оролцож байгаа албаны хүмүүстэй холбогдож, хэрэг гарах үеэр юу болсон, одоо эрлийн явц ямар байгаа талаар тодруулсан юм. 

-БЯМБА ГАРАГИЙН 10:00 ЦАГТ ХҮҮ ХОНИО ТУУГААД ГЭРЭЭСЭЭ ЯВГАН ГАРСАН Ч, ҮДИЙН 16:00 ЦАГТ ХОНЬ ХОТЛОХОД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ БАЙНА-

Алга болсон А хүү нь 16 настай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны ... дугаар сургуулийн 11-р ангийн сурагч бөгөөд ЕБС-ийн үйл ажиллагаа хөл хорио, улирлын амралтаас үүдэн зогссон тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байх эмээгийндээ ирээд сар гаруйн хугацааг өнгөрөөж байжээ. 

Ингээд өнгөрөгч бямба гарагийн өглөө 10:00 цагт хонио туугаад явган, гэрээсээ гарсан хэдий ч орой 16:00 цагийн үед хонь хотлоход, хүү эргэж ирээгүй ажээ. 

Иймд гэрийнхэн нь хүүг удалгүй эргэж ирэх байх хэмээн хүлээж байсан ч, харанхуй болсон тул түүнийг ойр хавиар хайж эхэлцгээсэн байна. Ингээд байдал бишдсэнийг мэдэж, нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнийн 01:03 цагт аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, хүүгийн ар гэрийнхэн гээд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хүүгийн алга болсон “Хавчуу” гэх газраас 6 километрийн радиуст эрлийн ажлыг зохион байгуулсан боловч өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. 

-ХҮҮГИЙН АЛГА БОЛСОН ОРОЙ ЦАСАН ШУУРГА ШУУРСАН ТУЛ ГОЛ БАРИМТ БОЛОХ “ТҮҮНИЙ МӨР” АРИЛЖЭЭ-

Бид өчигдөр /2021.02.01/ 17:00 цагийн үед эрлийн ажиллагааг удирдан зохион байгуулж буй Баянгол сум дахь гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн ахмад н.Баттүвшинтэй утсаар холбогдож эрлийн явцын талаар тодруулахад, тэрээр “Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор эрлийн ажилд нэмэр болох ямар нэгэн мөр, сэжүүр олдоогүй байна. 

Хүү алга болсон өдрийн өглөө нь тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун байсан ч орой нь гэнэт тэнгэр муудаж, цасан шуурга шуурсан нь эрлийн ажиллагааны чухал сэжүүр, баримт болох “хүүгийн мөр”-ийг арилгачихсан нь эрлийн ажиллагааг хүндрүүлж байна. Бид ойр хавийн бүх айлд мэдээлэл өгсөн” хэмээн ярьсан юм. 

Бид түүнтэй холбогдох үеэр тэрээр ууланд, гар утасны сүлжээ муу барьдаг газар явж байсан тул бидний яриа ийнхүү өндөрлөсөн. Ямартай ч 16 настай А хүүг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийнхан уул, жалгыг самнан эрэн хайсаар байна. Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гэрээсээ гараад бүтэн гурван хоног сураггүй алга болсон хүүгийн амь нас цаг, минутаар хэмжигдэж буй ч эсэн мэнд олдоосой гэсэн ар гэрийнх нь итгэл найдвар бөхөөгүй л байгаа. 

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүд /2021.01.30-31/-д ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, салхины хурд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус болж хүйтэрнэ гэдгийг сэрэмжлүүлж байжээ. Тухайн өдрийн өглөө цаг агаар тогтуун байсан ч орой нь гэнэт муудаж, цасан шуурга шуурсны улмаас 16 настай А хүү гэрээсээ төөрч, сураггүй болсон байж болзошгүй байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө