Ерөнхийлөгч Х.Баттулга ээжтэйгээ цахимаар золголт хийсэн гэв

2021-02-12 18:15

Ерөнхийлөгч Х.Баттулга ээжтэйгээ цахимаар золголт хийсэн гэв

Хөл хорионы энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүрэг, Яармагт амьдардаг ээждээ очиж золгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тэрээр “баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн” хэмээгээд дараах залруулга мэдээллийг гаргасан байна.

-ЗАЛРУУЛГА-

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна. Иймд дээрх үндэслэлгүй мэдээллийг залруулахын зэрэгцээ төрт ёсны уламжлалаа дагаж Монгол түмэн минь хайртай дотны хүмүүстэйгээ цахим золголт хийхийг уриалж байна.

Сайн цагийг урин дуудаж

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2021-02-12 15:10

Ерөнхийлөгч Х.Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж ээждээ очиж золгов уу

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос “17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон” шийдвэр гаргасан. 

Иймд иргэд гадуур хамаатан садандаа очиж, золголт хийхгүй “цахимаар уулзаж” сар шинийн баярын энэ өдрүүдийг гэртээ өнгөрүүлж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас баталсан хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагт амьдардаг ээждээ очиж золгосон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна. 

Учир нь олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн гадна байх автомашины зургийн хамтаар “Еөк ээж дээрээ золгохоор ирж гэнэ. Яармагийн дэнжээр нэг шуугиан. Ердийн би болохоор ижийдээ очиж чадахгүй” зэргээр санал шүүмж өрнүүлж байна. 

Гэхдээ тус автомашинууд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зорчдог автомашин болоод түүний төрийн тусгай хамгаалалтын автомашинууд мөн үү гэдэг эргэлзээтэй юм. 

Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүрэг, Яармагт бага насаа өнгөрөөсөн гэдэг. Тэрээр Яармагийн 34-р дунд сургуулийг төгссөн, тэндхийн “унаган” хүүхэд байсан тухай ээжийнхээ хөрөг нэвтрүүлгийн үеэр ярьж байсан удаатай. Мөн түүний ээж, өдгөө 94 настай буурай Ц.Должинсүрэн одоо ч тэнд амьдардаг бөгөөд хуучин байшинг нь нураан дахин шинэ байшин барьж өгсөн гэх мэдээлэл бий.