Эрүүл иргэдээс хахууль авч “групп”-т оруулсан Баян-Өлгийн эмчийн хэргээс УИХ-ын гишүүний дүү сугарч үлдсэн үү

Эрүүл иргэдээс хахууль авч “групп”-т оруулсан Баян-Өлгийн эмчийн хэргээс УИХ-ын гишүүний дүү сугарч үлдсэн үү

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим эмч нар иргэдээс хахууль авч хөдөлмөрийн чадвараа алдсан гэх группт оруулдаг байсан тухай мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард дэлгэгдсэн.

-ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ГЭЖ ХАЛАМЖ АВЧ БАЙСАН 420 ИРГЭНИЙ 286 НЬ ЭРҮҮЛ ХҮМҮҮС БАЙЖЭЭ -

Тодруулбал, зарим иргэдээс Цагдаагийн ерөнхий газар, АТГ-т энэ тухай баримт бүхий мэдээллийг ирүүлсэн байдаг. Тус гомдол мэдээлэлд, “Баян-Өлгий аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж,  эрүүл саруул хүнээс хахууль авч хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар  групп буюу тахир дутуугийн  тэтгэмж олгож байна. Эмч нар сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн  сонгуульд ашиглах болсон” гэсэн байдаг.

Энэ дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч  Баян-Өлгий аймагт шалгалт хийхэд хөдөлмөрийн чадвараа алдсан гэж группт орсон 420 орчим иргэний 268  нь буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас халаамжийн мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг.

Уг хэрэгт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа юм.

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ДҮҮ М-ИЙГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА АЖ-

Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон 40 эмчийн 26-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ. Мөн тухайн үед Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С ч уг хэрэгтэй холбоотойгоор ажлаа хүлээлгэн өгсөн аж. Гэтэл эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байсан М дээрх асуудлаар хариуцлага хүлээгээгүй бөгөөд одоо эмнэлгийн даргаар дэвшин ажиллахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Энэхүү иргэн нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний эхнэрийн төрсөн дүү ажээ. Тиймээс хамаарал бүхий этгээдийнхээ эрх мэдэл, албан тушаалыг ашиглан хариуцлагаас мултарч  улмаар дэвшин ажиллах гэж байна уу гэх хардлага Баян-Өлгий аймгийн зарим иргэдийн дунд байгаа ажээ. Мөн шүүмжлэл ч их байгаа бөгөөд уг асуудлаас үүдэлтэй зөрчил, тэмцэл, эсэргүүцэл тус эмнэлэгт өрнөөд байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Баян-Өлгийн эмч нар эрүүл хүмүүсээс хахууль авч хөдөлмөрийн чадваргүй гэх группт оруулсан уг хэрэг өнгөрсөн намар ил болж Эрүүл мэндийн сайдаас эхлээд бүгд анхаарал хандуулсан. Улмаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, тус аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга, эмнэлгийн даргатай хариуцлага яригдаж зарим нь эрүүгийн хуулиар шалгагдаж арга хэмжээ авахуулж байхад хамт удирдаж байсан хүн нь ганцаараа уснаас хуурай гарч улмаар дэвшин ажиллах гэж буй нь шударга ёс, ёс зүйд үл нийцнэ гэж тус эмнэлгийнхэн үзэж байгаа аж.

Энэ онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн 9 тэрбум төгрөгөөр эмнэлгийн барилга баригдана. Тэгэхээр хариуцлагатай, хувийн ашиг, сонирхолгүй хүнийг томилох хүсэл Баян-Өлгийнхөнд байгаа гэнэ. Тус хэргийг одоо ч хууль, хяналтын байгууллага шалгаж буй бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүний дүүг ганцааранг нь хариуцлагаас мулталж, шалгахгүй үлдээсэн бол ямар шалтгаанаар гэдгээ тайлбарлах ёстой юм. Бид албаныхны мэдээллийг тодруулж энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.