Н.Энхбаяр: Төсвийн алдагдал өндөр, зарлага тэлсэн, гадаад өр чинээндээ тулсан үед 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг ойлгомжгүй

Н.Энхбаяр: Төсвийн алдагдал өндөр, зарлага тэлсэн, гадаад өр чинээндээ тулсан үед 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг ойлгомжгүй

Эдийн засагч Н.Энхбаяр ярилцлаа.

-АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨСВӨӨ ТОДОТГОХЫГ ЗӨВЛӨХӨД
САНГИЙН САЙД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г боловсруулж, батлахаар болсон. Тус хөтөлбөрөөс гарах үр дүнг эдийн засагчид  хэрхэн тооцоолж, ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Санаа нь зөв. Гэхдээ судалгааг сайн хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. 10 их наядын таван төрлийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд нь барилга барих төсөл багтсан. Барилгыг барьж дуусгаад айл, өрхүүд түлхүүрээ автал 2024 он хүртэл амжихгүй ч байж мэднэ. Танилцуулж буй арга хэмжээний 30 хувь нь л 2021 онд хэрэгжих байх. Төв банк 250 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжих зорилгоор арилжааны банкуудад олгосон гэж байна. Яахав, энэ нь 2021 ондоо хэрэгжих боломжтой төсөл.

Бусад арга хэмжээ 2022, 2023 оноос хэрэгжих төсөл шүү дээ. Тэгээд ч үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэр үгүй. Зээл, тусламжаар юм уу эх үүсвэрийг олох ёстой. 2021, 2022 онд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх боломжгүй. Ялангуяа экспортын 60 хувийг нийлүүлж буй нүүрс, зэсний хувьд. Нүүрсний экспорт дэд бүтцийн хувьд хязгаарлалттай. Зэсийн баяжмалыг боловсруулж буй хоёр үйлдвэр хоёулаа хүчин чадлаараа ажиллаж байгаа ч Оюутолгойн далд уурхай 2022 оны сүүлээр ашиглалтад орж 2023 онд экспортод хувь нэмрээ оруулж эхэлнэ. Тэр хүртэл манай зэсийн экспортын орлого нэг түвшинд буюу 5, 10 хувийн л өсөлттэй байна.

2021, 2022 онд орлогоо нэмэгдүүлэх боломж нь нүүрс, төмрийн хүдрийн экспорт байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ дээрх төлөвлөгөөтэй хамт маш сайн бодож хэрэгжүүлэхгүй бол эх үүсвэр бүрдэхгүй байна. 2021 оны төсвийг батлахдаа цаг хугацааны хувьд маш алдаатай баталсан. Учир нь төсвийн төслийг хэлэлцэж эхлэх үед коронавирусийн халдвар дотоодод тархсан. Ингээд хөл, хорио тогтоохтой зэрэгцэн төсвөө баталсан. 42 сая тонн нүүрс экспортод гаргана, 11 их наядын орлого олно гэсэн маш өөдрөг төсөв шүү дээ.

Коронавирусийн тархалт үргэлжилж буй нөхцөлд, бизнест авч буй хориг арга хэмжээ, хилийн боомтууд нээгдэх хугацааг ч харсан 2021 оны төсөв биелэгдэх боломжгүй. Тиймээс  төсвийн тодотголоо хийчих гэж зөвлөсөн. Гэтэл Сангийн сайд зөвлөгөөг хүлээж авалгүй “Дараа  нь буюу хавар тодотголоо хийе” гэж хэлсэн. Одоо хавар болчихлоо. Хэрэгжүүлнэ гээд амлачихсан 13 их наядын зарлага байна. Зам барих, хөшөө, соёлын төв, музей  барина гэх мэт. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас дээрх ажлуудыг шаардлагагүй, хойш нь тавих ёстой. Нөгөө талд компаниуд 2021 оны ажлаа төлөвлөчихсөн явж байгаа шүү дээ. Тэгэхээр таван сард тодотгол хийчихээр 2021 онд ажил хийх төлөвлөгөөтэй байгаа компаниудын төлөвлөгөө үндсээрээ нурах нь байна шүү дээ.

Тэгэхээр өөрчлөгдөх гэж буй ажлыг эртхэн хэл. “2021 онд орон нутагт барилга баригдахгүй нь. Түүнд зарцуулах мөнгөө татаж авч өөр салбарт хөрөнгө оруулах гэж байна” гэдгээ хэлэх хэрэгтэй. Түүнийг арваннэгдүгээр сард хийх боломжтой байна. Тэгсэн бол компаниуд эртхэн ажлаа төлөвлөх боломжтой байсан. Бизнест юу байгаа, байхгүйг мэдэх боломжтой байсан. Дээрээс нь хэрэгжүүлэх гэж буй  арга хэмжээний эх үүсвэр тэндээс гарч ирнэ.

Гэтэл ийм өөрчлөлт хийгээгүй. Маш өөдрөг, алдагдалтай төсвийг баталсан. Төсвийн алдагдал өндөртэй, зарлага маш их тэлсэн, гадаад өрийн үлдэгдэл чинээндээ тулсан энэ үед эх үүсвэр нь тодорхойгүй 10 наядын төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг маш ойлгомжгүй. Уул, уурхайн салбараа зөв бодлогоор авч явж байж эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулна.

Энэ салбарт бүх шатны төлөвлөгөөг гаргах ёстой. Дор хаяж хичнээн сая нүүрс гаргах талаараа урд хөрштэйгээ хэлэлцэж, гэрээ байгуулсны дараа 42 сая тонныг экспортод гаргана гэж  төсөвтөө тусгах ёстой юм. Гэтэл зөвхөн өөрийн мөрөөдлөөр 42 сая тонн нүүрс гадагш гаргана гэдэг төлөвлөгөө тавиад түүнээсээ орлого бодоод сууж байгаа нь байж болшгүй үйлдэл. Хаврыг хүлээлгүй төсвөө тодотгох хэрэгтэй. Нүүрсний экспорттой холбоотой бас нэг асуудлыг би ойлгохгүй байгаа.

-Юу?

-Л.Халтар сайд ярилцлага өгчээ. Тэр ярилцлагад дурдсанаар манай улс Ганц модны боомт хүртэл өргөн төмөр зам тавьж байгаа юм байна. Тэгээд энэ төмөр замаараа нүүрсээ зөөгөөд Ганц модны боомтод буулгах гэнэ. Машинаар буулгах, вагоноор буулгах хоёрт ямар ялгаа байна. Тэр боомтод том нүх байгаад вагон  очоод түүн рүү асгаад байх юм уу. Боомтод чинь хүчин чадал, өртөг зардал байна шүү дээ. Энэ байдлаараа манай нүүрсний экспорт өсөхгүй.  Өслөө  гэхэд 2023 онд 35, 36 дээр очих нь байна. Машинаас ямар ч ялгаагүй. Хятадын тал шалтаг хэлээд л хүлээлгэвэл хүлээнэ. Эдийн засгаа бодоод, нүүрсний экспортоо нэмэгдүүлье гэвэл нарийн төмөр зам яагаад тавьж болдоггүй юм. Хятадын талын вагонд  шууд ачиж өгөөд явуулах ёстой. Тэгвэл бид мөрөөдөөд буй 40 сая нүүрсээ экспортлож чадна.

Өвөр Монголын Шанси мужаас нүүрс тээвэрлэдэг хоёр урсгал байна. Түүнтэй нарийн төмөр замаар холбогдоод Ганц модноос Хөх хот хүртэл нүүрсээ хүргэж чадвал түүнээс цааш дэлхийн маш том зах зээл хүлээж байна. Далайн боомтод хүргэж байгаатай адил. Тэр рүү хүргэх гэхээр нарийн цоорхой гарчихаад түүндээ баригдаад байна. Машиныг вагоноор сольсон ч хүлээж авч буй газрын хүчин чадлаас л хамаарна. Дахиад л Хятадын талаас шалтаг, шалтгаан хэлээд авахгүй байвал машинтай адилхан л зогсоно шүү дээ.

-МӨРӨӨДЛӨӨРӨӨ 42 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ ТАВИАД ТҮҮНЭЭСЭЭ ОРЛОГО БОДООД СУУЖ БАЙЖ БОЛОХГҮЙ-

-10 их наядын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөны хүрээнд “Залуус I, II” хороолол барина гэсэн. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-10 дугаар хорооллын зэргийн юм ярьж байна шүү дээ. Бас л төлөвлөөгүй асуудал. Газар, дулаан хангамжийн асуудлаас эхлээд хүндрэлүүд бий. Учир нь бүхэл бүтэн нэг хорооллын дулааныг шийдэх хангамж Улаанбаатарт үгүй. Тэгэхээр барихаасаа өмнө дахин дулаан хангамжаа нэмэгдүүлэх асуудлыг ярих нь. Хайж, хайж Яармагт ч юм уу нэг газарт барилгыг барьж эхлүүлэх нь. Гэхдээ Улаанбаатар хотын 2021 оны төлөвлөлтөд энэ газарт барилга барина гэж багтаагаагүй. Хорооллын зураг төсвийг хийгээд газар төлөвлөлтөд суулгана. Энэ процесс ирэх намар хүртэл үргэлжилнэ. Энэ төлөвлөлтөд үндэслэн 2021 оны газар төлөвлөлтийг иж бүрнээр нь өөрчлөх тухай ярьж байна.  

-Хорооллын хөрөнгийг эх үүсвэрийг хаанаас бий болгох бэ гэдэг асуулт гарч байна. Ер нь эх үүсвэр босгох боломж бий юу?

-2021 онд боломжгүй. Ялангуяа төсвөө тодотгоогүй нөхцөлд. Эх үүсвэрээ яаж гаргах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ шийдэх гээд бодсон бол төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Төсвийн тодотголоор уг эх үүсвэрээ гаргана эсвэл Засгийн газрын бондоо худалдаад Төв банкнаас ийм хэмжээний эх үүсвэр татаж авна, гадаадын зээл тусламжаас ашиглаж буй зээлээсээ зориулалтыг нь өөрчлөөд гаргана гэх мэт маш ойлгомжтой эх үүсвэр гаргаж байж дээрх төлөвлөгөө ажил болно. Үүний дараа үнэ ханшийн өсөлт, материалын асуудал яригдана. Энэ үндсэндээ 2022 оноос яригдана. 2021 онд барилгын суурийг ч тавьж чадахгүй.

-10 их наядын асуудал долларын ханшийг өсгөх, инфляц хөөрөгдөх эрсдэл бий юу?

-Яаж төлөвлөхөөс хамаарна. Төлөвлөөгүй байж гэв, гэнэт байшин барих тендер зарлавал замбараагүй байдал бий болно шүү дээ. Иж бүрэн төлөвлөгөөгөө хийгээд хэзээ барилгын ажлыг эхлүүлэхээс эхлээд хавар бүр Замын –Үүд дээр барилгын материал нэвтрүүлэх ачаалал нэмэгдэж түгжрээ гацаа үүсдэгийг хүртэл бодолцсон байх ёстой. Нэмээд газар чөлөөлөлтийн асуудал. Үүнийгээ маш сайн төлөвлөхгүй бол зүгээр нэг тендер зарлавал үнэ дээшээ л өснө. Барилгын компани ашгаа хийхийн төлөө явна шүү дээ. Бага хүүтэй санхүүжилтийг иргэдэд олгож,  мкв-ын үнийг зах зээлийн боломжийн дундаж үнэд барих ёстой. Замбараагүй явбал гарцаагүй сөрөг үр дагавар гарч материалын үнийн өсөлт, хилийн боомт дээр ачаалал үүсэх, хэрэглээ, үнийн өсөлт болно. Гэхдээ тэр бол 2022 оноос л гарна. 2021 онд ийм эрсдэл гарахгүй.

-ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР Ч УДАА ЦОЧМОГ АРГА ХЭМЖЭЭ АВСАН. СУДАЛГАА ТААРУУ УЧИР МЭДЭЭЖ АЛДААТАЙ-

-Өнгөрсөн намар эдийн засагчид коронавирусийн халдвартын тархалттай холбоотойгоор  эрсдэлээс эдийн засгаа хамгаалах тухай судалгаа, зөвлөмжийг Засгийн газар, Улсын онцгой комисст танилцуулсан ч хүлээж аваагүй гэсэн. Та бүхэн тэдэнд ямар зөвлөмжийг өгсөн бэ?

-Улс орнууд коронавирусийн халдвар удаан үргэлжлэх юм байна гэдгийг дөрөвдүгээр сараас ойлгож эхэлсэн. Судалгаа хийж үзээд “Дэлхий дахиныг хамарсан өргөн хүрээтэй. Амархан дарагдахгүй юм байна” гэж ойлгосон гэсэн үг. Ингээд улс орнуудын эдийн засгийн төв байгууллагууд судалгаа хийгээд “Эдийн засгаа хамт авч явах хэрэгтэй юм байна” гээд арга хэмжээнүүд боловсруулж эхэлсэн. АНУ-ын Холбооны нөөцийн баг, Европын холбоо эдийн засгаа дэмжих арга хэмжээг өнгөрсөн хавраас авч эхэлсэн шүү дээ. Ковид гэж юу вэ, халдварын тархалтын нөхцөл хэр удаан үргэлжлэх вэ, ямар үр дагавартай вэ гээд халдварт өвчнийхөө шалтгааныг эхэлж судалсан. Харамсалтай нь манайд ийм судалгаа хийгдсэнгүй.

Цочролд ороод “Аймар юм байна. Хэн ч гэрээсээ гарч болохгүй юм байна” гээд л дотооддоо халдвар тархаагүй байхад анхаарч бүх зүйлээ хаагаад л ажилласан. Ямар ч судалгаа хийгээгүй байсан. Шууд л бүтэн сар хамаг юм аа хаасан. Анхны бүртгэгдсэн өвчтөнүүд эдгэлээ, гаднаас ирж буйгаа хяналттай эмчилж болох юм байна гэсэн анхны горимоо тогтоосон. Ингээд арваннэгдүгээр сар хүртэл сайхан тайвшраад суучихсан. Бүр орон нутгийн сонгуулиа хүртэл хийсэн. Гэтэл яг энэ үед халдвар тархах эрсдэл нэмэгдсээр байсан.

Өнгөрсөн есдүгээр сард би ажил, төрлийн шугамаар коронавирусийн тархалттай холбоотой судалгааг хийсэн. Тэр судалгааг Улсын онцгой комиссынхон, онцгой байдалд ажиллаж буй зарим удирдах албан тушаалтанд танилцуулж “Улс орнуудын хийж буй судалгаагаар коронавирусийн халдвар удаан үргэлжлэх юм байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-д халдварын тархалт намжих яагаа ч үгүй байна. Тэгэхээр хойд хилээ нээж болохгүй. Хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужид тархалт өндөр байгаа учир Монгол руу орж ирэх эрсдэл өндөр байсан” гээд боомтоор нь нэрлэж анхааруулж, аминдаа зөвлөгөө өгсөн.   Гэтэл түүнийг тоогоогүй.

  • Нэгдүгээрт, зөөвөрлөж орж ирсэнд нь хяналт тавьж байна гээд тайвширчихсан.
  • Хоёрдугаарт, орон нутгийн сонгууль гээд мартчихсан.

Санаж буй бол аравдугаар сарын 20-оос эхлээд Алтанбулагийн хилээр орж ирсэн жолооч нараас халдвар илрэх нь ихэссэн. Тэр бол эрсдэл яг тэсрэх гэж байсан үе. Гэтэл хяналт тавиагүй “Болж байнаа л” гээд яваад байсан. Тэр хооронд ганц алдаа гарахад л халдвар ороод ирж байна. Түүнийг нь бүр сүүлд арваннэгдүгээр сарын 10-ны үеэр бүртгэсэн. Бид асуудлаасаа хожимдож буй учир арга хэмжээ маань араас нь яваад байна. Асуудал үүсгэж буй шалтгаанаа байнга судалж байх ёстой. Түүнийгээ орхигдуулчихдаг. Ямар менежментээр яаж удирдах вэ гэдгээ судлаагүй. Тийм учраас цочмог арга хэмжээ авдаг. Засгийн газар өнгөрсөн онд нэг сарын дотор төлөвлөөд л яаруу, сандруу хоёр ч удаа цочмог арга хэмжээ авлаа. Судалгаа дутуу учраас мэдээж алдаатай.

-Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард айл өрхийн цахилгаан, дулаан, усны мөнгийг тэглэх шийдвэр  Засгийн газраас гаргасан нь судалгаагүй, цочмог арга хэмжээ байсан уу?

-Айл, өрхөө дэмжих гэж буй агуулга нь зөв. Гэхдээ судалгаа дутуу хийгдсэн учраас өвлийн эд оргил ачааллын өмнөхөн энэ арга хэмжээг авч буйгаа тооцоолоогүй. Нөгөөтэйгүүр энэ арга хэмжээнд оролцох гэж буй мэргэжлийн байгууллагаас санал аваагүй. Бидний хүсэл зоригоос үл хамаардаг зүйл бол техник. Гэтэл яг мэргэжлийн хүмүүсийн нүдээр харвал Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал маш хүнд, нөхцөл байдалд орчихсон. Зөвхөн цахилгаан бус дулаан хангамжийн хүрэлцээгүй болчихсон. Хэрэглэгч маш их болсон.

Цахилгаан станцуудаас нийлүүлж буй дулаан хэрэглээтэйгээ 100 хувь таардаг. Ирэх жилүүдэд дулаан хангамжаа нэмэгдүүлэхгүй бол дутагдалд орчихоод яваад байна. Бэлэн байдлаа урьдчилан хангах арга хэмжээ аваагүй, техникийн нөхцөлөө ойлгоогүй учраас Засгийн газар тийм шийдвэр гаргасан. Тэр тусмаа арванхоёрдугаар сард. Тэгэнгүүт өвлийн эд хүйтэн болж гурван ес эхлэн айл өрхүүд бүгд тодорхой хэмжээгээр цахилгаан, дулааны хэрэглээгээ нэмсэн. Тог тасралт үүсэх гэх мэт техникийн хувьд маш хүнд нөхцөлөөр өвлийг давах эрсдэл рүү орсон. ОХУ-аас импортоор авдаг цахилгаан хязгаартай. Илүү авбал шугамын ачаалал дийлэхгүй учраас хүчин чадал нь хүрэхгүй. Улаанбаатар хотын хэрэглээ ачааллаа дийлэхээ боливол эрчим хүчний систем бүхэлдээ унтарна. Олон улсад ийм байдал үүсдэг. Тэр нөхцөл байдал үүсэх гэж байхад нь Засгийн газраас дахин шийдвэр гаргаж ашгүй хязгаарлалт тогтоож залруулсан. Яг үүнтэй адил бүх шатанд нарийвчилсан судалгааг хийхгүй учраас гаргаж буй арга хэмжээ нь учир дутагдалтай байна.

-ХОЙД ХИЛИЙГ НЭЭХ ТУХАЙ ОЙЛГОЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ-

-Тавдугаар сарын 01-ны өдрөөс хилээ нээхээр судалж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ хэр зөв шийдэл бэ?

-Олон улсын байгууллагуудаас гаргасан маш олон судалгаа бий. Түүнийг олж унш. Хоёр хөршийн халдварын тархалтын нөхцөл байдал нь манай шийдвэрлэх нөхцөл. Хойд хөршид халдварын тархалт буураагүй яг хэвээрээ байна. Ийм нөхцөлд хойд хилийг нээх тухай ойлголт байж болохгүй. Алтанбулаг боомтоор дамжсан, худалдаа наймаа хийсэн хүн бүрийг Улаанбаатарт авчирч шинжилгээнд хамруулж, тусгаарлана гэж үгүй шүү дээ. ОХУ-д вакцинжуулалт удаан явагдаж байна. Эрхүү, Тува, Буриадад аравдугаар сараас нааш вакцинжуулалт хийгдэхгүй. Харин урд хөршид тархалт харьцангуй багассан. Эдийн засагт нэмэр болохуйц боомт бол Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн. Энэ гурван боомтод хэвийн нөхцөлийг хэзээ бий болгох вэ гэдгээ эхний ээлжид бодох хэрэгтэй. Үүнийг манайх ганцаараа шийдэхгүй. Хоёр улс хамтарч шийднэ. Миний бодлоор хилийн боомт нээх дээр тусгайлсан төлөвлөгөө хэрэгтэй.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 9000 доллар болчихлоо. Энэ  өөдрөг байдал хэр удаан үргэлжилнэ гэж бодож байгаа вэ?

-Сүүлийн 20 жилд гурав дахь удаагаа  огцом өсөлт рүү явж байна. 2006, 2011 онд хамгийн оргилдоо хүрч байсан. Гэхдээ энэ удаагийнх бүр огцом өсч байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард зэсийн үнэ тонн нь 4700 доллар байсан. Түүнээс хойш 11 сарын хугацаанд хоёр дахин өсч 9160 доллар болсон. Ийм түүх байхгүй. Хэрэгцээ өсч байна гэдэг мэдээллээс гадна нөгөө талд Төв банк болон хөрөнгө оруулалтын байгууллагуудын өгч буй мэдээллээр бас эсрэг мэдээлэл байна. АНУ-ын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч саяхан конгрессдоо мэдээлэл хийсэн. Өгч буй мэдээллийг нь сонсвол “АНУ-ын эдийн засаг сэргэх болоогүй сул байна. Төв банк дэмжлэгээ хэвээр үзүүлнэ. 2021 оны гуравдугаар улирал хүртэл эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэхгүй байна” мэдэгдсэн. 2020 он дэлхий даяараа өсөлтгүй хасахтай, нэмэх рүү орох болоогүй байна.

Мөн эрэлт одоогоор бий болоогүй. Дэлхийн металлийн зах зээл дээр машины үйлдвэрлэл томоохон хувийг эзэлдэг. Хөрөнгө оруулалтын байгууллагын хийсэн судалгаагаар 2021 онд 650 тэрбум долларын автомашин борлуулах боломжгүй болно гэж бичсэн байна. Учир нь машины удирдлагын системд хэрэглэдэг электрон чип үйлдвэрлэлээс хоцорсон. Үйлдвэрлэлийн бүс нутаг нь Тайвань, Хятад, Солонгос, Япон. Эдгээр улсаас үйлдвэрлэл, нийлүүлэлт нь зогссон. Энэ ханган нийлүүлэлтийн процесс дуусаагүй байна. Зөвхөн автомашины үйлдвэрлэл 650 тэрбум доллароор хоцорч байхад түүнийг дагаад зэсийн хэрэглээ зогсоно. Эрэлт маш их өсөх гэж хэлж буй ч бодит байдал дээр болоогүй. Одоо өгч буй мэдээлэл илүү их хөөсрөлттэй байна.

Зэсийн үнэ нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчдыг уриалж буй л мэдээлэл. Зах зээл дээрх мэдээллийн дайн. Хэзээ бодитой биелэгдэх нь Хятадын эдийн засгаас хамаарна. Дэлхийн зах зээлийн түүхий эдийн 50-60 хувь нь Хятадын эдийн засгаас хамаарна.

Түүхий эдийг аваад анхны түүхий эд болгодог улс нь Хятад. Дараа нь өндөр хөгжилтэй орнууд руу өгөөд эд анги болгодог. Тэгэхээр зэсийн үнэ өсөх эсэх нь хамгийн эхний дамжлагын улсын эдийн засгийн өсөлтөөс хамаарна. Шинээр ерөнхийлөгч болсон Жо Байдены Засгийн газар Хятадтай ямар бодлого баримтлах вэ гэдэг нь маш чухал. Байден Засгийн газрын бодлогоо одоог хүртэл конгресстоо танилцуулаагүй байна. Одоо Байдены хэлж буйгаас үзвэл Хятадын талаар хатуу бодлогоо үргэлжлүүлэхээр байна. Ирэх зургадугаар сард Жи 7 уулзалтад БНСУ, Энэтхэг, Австралийн Гадаад хэргийн сайд нарыг урьж оролцуулна гэсэн. Энэ урьж буй гурав нь Хятадын эсрэг бодлогыг дэмждэг. Тэгэхээр Жо Байдены хэлж буй санаагаар өндөр хөгжилтэй орнууд нийлээд Хятадыг тогтоон барих, дуулгавартай болгохоор ажиллах нь. Тус улсын хэт тэлэлттэй эдийн засгийн нөлөөг яаж хязгаарлах вэ гэж байна. Энэ Жи 7 ийн уулзалт дээр яригдвал Хятад хүлээн зөвшөөрөхгүй хариу бодлого авч таарна. Үүнээс болоод сэргэж байсан эдийн засагт муу тохиолдол болно.

Дэлхийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт буурах юм байна гэдэг дүгнэлт хийж эхэлнэ. Ингэхээр хөрөнгө оруулалт хийх гэж буй хүмүүс болгоомжилж эхэлнэ. Нөгөө өөдрөг байсан үнэт цаас, түүхий эдийн өсөлт зах зээл дээр буурна. Энэ тохиолдол зургаан сард гарах гэж байна. Энэ бүхэн олон улсын зах зээлийг тодорхойлж буй суурь бодлого. Бизнес санхүү, улс төр, технологи, уур амьсгалын бодлого, халдварт өвчний тархалтаас хамаараад дэлхийн эдийн засаг хөдөлнө. Гэтэл одоо ойлгомжгүй гурван бодлого байна. Улс төрийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт, ковидын бодлого тодорхой болоогүй байхад оны эцэст бүгд сайхан болно гэдэг нь бодитой биш. Тиймээс би хөөсрөл бий болжээ байна шүү гэж сануулж эхэлсэн.