Кёкүшюүзан Д.Батбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Кёкүшюүзан Д.Батбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.

Тэгвэл шалгалтын явцад Кёкүшюүзан Д.Батбаяр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр ахмадын амралт, сувиллын цогцолбор барина гэж газар авж байсан ч тус компаниудыг бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Тухайлбал, "Ногоон шүр", "Өлзийт голын эх" зэрэг компаниудаа найз, улсын заан Ч.Батзориг, эхнэр болон охин дүүгийнхээ нэр дээр байсан “Зэсэн тал”, “Ногоон хана” зэрэг компаниудаа О.Пүрэв-Оч гэх хүнд тус тус шилжүүлэн, наймаалцсан нь шалгалтын явцад ил болжээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг нь Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гаргаад байгаа аж. Харин прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад дахин нэмж шалгах зүйл байгаа хэмээн хэргийг буцаажээ.

Хэргийг тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.