Орхон сумын Засаг дарга амиа алдсан хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдсон, эсэх нь тодорхойгүй байна

Орхон сумын Засаг дарга амиа алдсан хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдсон, эсэх нь тодорхойгүй байна

Булган аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч, тус аймгийн Орхон сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ энэ сарын 3-4-нд шилжих шөнө амиа алдсан хэрэг гарлаа. Талийгаачийн үхлийн шалтгаан нь тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг Орхон сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон өөр нэгэн иргэний хамт архидан, согтуурч, маргалдсаны улмаас хоорондоо гар зөрүүлсэн хэмээн мэдээлж буй.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Талийгаачийг амиа алдсан өдөр хэргийн газарт цагдаагийн ажилтан байсан, эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Хэрэв цагдаагийн ажилтан холбогдсон бол ажлын тусгай хэсэг гаргаж, хэргийг мөрдөн шалгадаг. Харин одоогоор гадны нөлөөтэй амиа алдсан эсэх нь тодорхойгүй учир ажлын хэсэг гараагүй байна. Мөн түүнийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Шинжилгээний хариу болон анхан шатны дүгнэлт 14 хоногийн дараа гарна. Мөн ил харагдах шархтай, хөмсөг, хамар, тархины гэмтлээс болж нас барсан, эсэхийг шинжилгээний дүгнэлт гарсны дараа л мэдэх боломжтой” гэв.  

-ТАЛИЙГААЧИЙГ АРХИДАН СОГТУУРЧ БАЙСНЫГ ӨМНӨ НЬ ХАРААГҮЙ-

С.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Орхон сумын уугуул иргэн бөгөөд нягтлан бодогч, улс төр судлаач мэргэжилтэй аж. 1998 оноос төрөлх нутагтаа амьдарч, жолооч, нярав, нягтлан бодогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон сумын Засаг даргаар ажиллаж байжээ. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд 2017 оноос хойш Орхон сумын Засаг даргаар ажиллаж байсан гэнэ. Бид нутгийн зарим иргэнтэй холбон талийгаачийн талаар тодрууллаа.

  • Булган аймгийн Бугат сумын иргэн “Б”:

-Сурагчдын боловсролд хувь нэмэр оруулах, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд талийгаачтай олон төсөл, хөтөлбөрт хамтран ажилласан. Би Булган аймгийн уугуул иргэн бөгөөд түүнийг эртнээс танина. Манай аймгийн Орхон, Бугат сум нь хил залгаа оршдог учир түүнтэй олон удаа хамтран ажиллаж байсан. Өмнө нь архи ууж, агсам тавьж байхыг хараагүй. Хүн чанартай, нутгийнхандаа хүндлэгдсэн нэгэн. Манай нутгийн зарим иргэн талийгаачийг “Гадны нөлөөтэй нас барсан. Толгой, хамар, хөмсөг зэрэг нь нэлээд бэртсэн” хэмээн ярьж байна. Харин зарим нь “Тархиндаа хүнд бэртэл авч, зүрх нь гэнэт зогссон” гэх нь ч бий. Одоогоор үхлийн шалтгаан нь тодорхойгүй учир ийн дүгнэх нь буруу. Архидан согтуурсны улмаас амиа алдсан гэдэг нь ч худал мэдээлэл байх.

  • Булган аймгийн иргэн “О”:

-Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан хэмээн ихэнх хүмүүс ярьж буй. Ил харагдах шарх, сорвитой байсан гэх нь ч бий. Уг нь талийгаач хүн чанартай, аливаа асуудалд буурьтай ханддаг байсан. Архинаас болж бусадтай муудалцах хүн биш. Манай аймгийн цагдаагийн зарим ажилтан зүрх нь гэнэт зогссон байх магадлалтай гэж байсан.