СУРВАЛЖИЛГА: Өмнөговь аймагт "Говийн баянбүрд"-ийг бий болгосон Д.Сайнбилэгийн гэрээр зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Өмнөговь аймагт "Говийн баянбүрд"-ийг бий болгосон Д.Сайнбилэгийн гэрээр зочиллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сум. Зуны халуун өдрүүд цаашилсан ч говийн наран буцах болоогүй мэт гадаа 30 хэм хүрч, халж байлаа. Удаан давхисан бид Ханбогд суманд ирж, тун санамсаргүй тохиолоор Д.Сайнбилэг гуайн гэрээр зочилсон юм.

Д.Сайнбилэг гуай одоогоос арван жилийн өмнө Сэлэнгэ аймгаас Ханбогд суманд ирж суурьшжээ. Насаараа ногоо тарьж амьдарсан тул говьд ирээд зүгээр сууж чадсангүй. Эхнэр Л.Алтанцэцэгийн хамтаар төрөл бүрийн ногоо, жимс, мод тарьж хашаандаа өөрсдийн Баянбүрдийг бий болгожээ. Бид говьд яагаад ирж суурьших болсон, говийн нөхцөлд жимс ногоогоо хэрхэн тариалдаг талаар Д.Сайнбилэг гуайн гэргий Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Л.Алтанцэцэг

-ХӨРСӨӨ САЙХАН ТОРДОХОД Л ЖИМС, НОГОО ХАНГАЙ ГАЗРААС
ЯЛГААГҮЙ УРГАДАГ-

-Танай гэр бүл Сэлэнгээс Ханбогд суманд ирж суурьшсан гэж сонслоо. Ирээд хэдэн жил болж байна?

-Анх 2011 онд Сэлэнгээс Ханбогд суманд ирж суурьшсан. Тухайн үед хүргэн маань Оюу толгойд ажилд орсон юм. Хоёр хүүхэд, ач, зээ нараа дагаад л энд ирсэн дээ.

-Хашаагаар оронгуут өнгө өнгийн цэцэгс алагласан, төрөл бүрийн жимс ургасан харагдаж байна. Хэзээнээс жимс, ногоо тарьж эхлэв?

-Нөхөр бид хоёр Сэлэнгэд байхдаа л жимс, ногоо тарьдаг байсан. Сэлэнгэд 30 гаруй жил ногооны аж ахуй эрхэлсэн. 2011 оны намар энд ирж, 2012 оны хавраас жижигхэн хүлэмж хийн өргөст хэмх, улаан лооль тарьтал ургаж болохоор санагдсан юм. Тэгээд л урам авч, том хүлэмж босгон, хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн дээ. Одоо манайх хоёр хүлэмжтэй. Том хүлэмж хүүгийн маань хашаанд бий.

-Говь нутагт жимс ногоо ургуулах амаргүй шүү дээ. Анх ирээд хүлэмжийн аж ахуй эрхлэхэд амжилттай болох болов уу гэж эмээж байв уу

-Тэгэлгүй яахав. Энд ирсэн жилийнхээ хавар ногоо тарихгүй л бол байж сууж чадахгүй байсан. Насаараа хийсэн ажил учраас гар загатнаад зүгээр сууж чаддаггүй юм билээ. Хүүхдүүддээ хэлж жижиг амбаартаа хүлэмж хийлгэн, өргөст хэмх, улаан лоолийн үр тарьсан. Гэтэл тэр зундаа маш сайхан ургасан. Үүнээс л их урам зориг авч, говьд ногоо тарьж болдог гэдгийг өөрийн нүдээр харсан даа. Удалгүй Оюу толгойн “Говийн шим” хөтөлбөрийн сургалтад сууж, төсөл бичсэн. Төсөл маань дэмжигдэж 20:6, 4:8-ын харьцаатай хоёр хүлэмжийн санхүүжилт авч, ногоо тарих ажлаа эхлүүлсэн.

-Оюу толгойд бас ногоо нийлүүлдэг гэж байсан. Хэр хэмжээний ногоо нийлүүлж байна?

-Хүссэн хэмжээгээрээ нийлүүлдэг. Ер нь долоо хоноод л ногоо өгдөг юм. Ургуулж л чадаж байвал Оюу толгойтой гэрээ хийх боломжтой юм билээ. Тарьсан ногоогоо Оюу Толгойд нийлүүлж, илүү гарсныг нь өөрсдийнхөө хүнсний хэрэглээнд даршилж, хадгалдаг. Өвөлдөө жимс, ногоогоо дарж, өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангачихдаг. Миний нэг баримталдаг зарчим бол бүх зүйлийг органик байлгах. Тийм ч учраас ногоо дарахдаа уксус хийдэггүй, тосонд дараад л хөлдөөчихдөг. Тосонд дарсан ногоо хэзээ ч тас хөлдөхгүй.  Хөлдөөгчдөө хураагаад, гэсгээж иддэг.

-Сэлэнгэ чийглэг, дулаан уур амьсгалтай, жимс ногоо ургахад таатай цаг агаартай шүү дээ. Анх ирээд говьд жимс, ногоо тарихад бэрхшээл тулгарч байв уу?

-Эхний үед худаггүй учраас усны асуудал бага зэрэг бэрхшээлтэй санагдаж байсан. Бид хоёр худаггүй учраас машинаар усаа байнга зөөдөг байлаа. Орой болгон усалдаг учраас ерөөсөө зав чөлөө гарахгүй. Харин худагтай болсноос хойш энэ асуудал шийдэгдсэн. Одоо хүссэн үедээ усалж байгаа. Хөрсний тал дээр асуудал гараагүй. Хөрсөө сайхан тордоход л жимс, ногоо хангай газраас ялгарах зүйлгүй ургана.

-ХАНБОГД СУМАА НОГООН БОЛГОЖ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ
ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Худгаа яаж гаргаж авсан бэ?

-Нэг өдөр “Уж мод” компанийн захирал н.Эрдэнэ-Очир гэж хүн манайд ирсэн юм.  Тэгээд “Ах, эгч хоёртоо худаг гаргаж өгнө” гэж бидэнд сэтгэлээрээ тусалсан. Одоо худагтай болоод дөрөв, таван жил болж байна. Ногоочин хүнд хамгийн чухал зүйл ус байдаг. Говьд устай бол ногоо, жимсийг яаж ч ургуулж болно.

-Хашаандаа жимс, ногооноос гадна олон төрлийн мод, цэцэг тарьсан байна шүү дээ. Хэчнээн төрлийн мод, цэцэг ургуулж байна вэ?

-2012 оноос 6-7 төрлийн говийн нөхцөлд тохирсон, хөрс голдоггүй, ус чийг бага шаарддаг моднуудыг тарьж эхэлсэн. Одоо сайхан ой болсон байна. Цэцэг бол 10 гаруй төрлийнх бий. Ганц өөрийн хашаандаа ургуулахаас гадна, сумынхаа иргэдийг цэцэг тарьж сураасай гэсэндээ “Ногоон Ханбогд” гэдэг фейсбүүк групп нээсэн. Групп дээрээ цэцэг, жимс, ногоо тарих аргачлал, хэрхэн арчлах талаар өөрийнхөө чадах чинээгээр заадаг. Мөн намар цэцгийнхээ үрийг авч, савлаад хавар сумынхаа “Green” гэдэг дэлгүүрт хямд зардаг. Үр нийлүүлээд бараг дөрөв, таван жил болж байна.

-Танайхыг хашаандаа жимс, ногоо тарихад хүмүүс их үлгэр дууриал, санаа сэдэл авч байгаа байх. Танай хороонд аж ахуй эрхэлдэг айл танайхаас өөр бий юү?

-Байлгүй яахав. Биднийг ирснээс хойш нэлээдгүй айл хашаандаа өөрсдийнхөө хэрэгцээний ногоо жимсээ тарьдаг болсон. Би цэцэг тарьж чадахгүй хүмүүст зориулж, үрсэлгээ хийж зардаг. Энэ жил маш олон хүн үрсэлгээ ирж авсан шүү. Нэг үеэ бодоход манай сумын олон иргэн, аж ахуй нэгж цэцэг тарьдаг болсон. Үүнд маш их баяртай байгаа. Би сумаа ногоон болгож цэцэрлэгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй. Өөрийнхөө мэддэг зүйлийг чадах чинээгээр сумынхандаа зааж, зөвлөөд сумаа цэцэрлэгжүүлэхэд багахан ч болов тус, нэмэр болж байгаадаа баярлаж явдаг.

-Сэлэнгэ аймагт ургуулж байсан ногоо, жимснүүдээс Өмнөговьд тарихад ургах боломжгүй ямар жимс ногоо байсан бэ?

-Миний ажигласнаар говьд хөрсөн дээр ургадаг жимс, ногоонууд илүү ургадаг юм шиг. Хөрс нь хатуу шүү дээ. Тийм учраас би дандаа хөрсөн дээр ургадаг өргөст хэмх, улаан лооль, тарвас, амтат чинжүү, тарьдаг. Хөрсөн доор ногоо, жимс ургах нь ургана. Гэхдээ хөрсөө маш сайн гүнээс нь бэлдэж, боловсруулах хэрэгтэй.

-ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХҮН БОЛГОН МОД ТАРЬСНААР
ТЭМЦЭЖ ЧАДНА ГЭЖ БОДДОГ-

-Хэдэн төрлийн амьтан тэжээж байна вэ?

-Тахиа, галуу, туулай бий. Би өөрөө туулай жилтэй. Туулайд их хайртай/инээв/. Туулай харахаар л хайр хүрч, стресс тайлагддаг юм. Бүжин нь бүр өхөөрдөм. Хавраас хойш туулай маань дөрвөн удаа төрсөн. Хоёр сар тутамд төрдөг амьтан юм байна лээ. Харин тахиаг эрүүл өндөг идье, хүүхдүүддээ эрүүл өндөг идүүлье гэж тэжээж эхэлсэн дээ. Анх 2013 онд манай хүргэн Дорнодоос 10 тахианы, хоёр галууны дэгдээхий авч ирсэн. Үүнээс хойш тэжээж байгаа. Энд тахианы будаа ховор учраас хэтэрхий олон болгож үржүүлдэггүй. 20 тахиатай байхад өдөрт 8-9 өндөг гардаг. Өрхийн хэрэгцээнд бол хангалттай байдаг.

-Хүлэмж, ногооны ажилд өдрийн хэдэн цагийг зарцуулж байна. Аль улиралд илүү ажиллагаа шаардагдаж байна?

-Хавар л хамгийн их ажиллагаа шаардагддаг. Үрсэлгээ хийнэ, газраа боловсруулна, усалгааны системээ бэлдэнэ гээд ажил ундарч өгнө шүү дээ. Хавар дөрвөн сараас эхлээд ид ажил өрнөдөг. Зургаан сарын дунд гэхэд тарих ажил дуусдаг. Тариад дуусчихсан байхад нэг их ачаалал байхгүй. Орой нэг удаа усалж, явцын дунд арчилгаа хийнэ.

-Ер нь ногоо, жимсний ажилд хэн голчлон оролцож байна?

-Хань бид хоёр хоёулаа адил, тэнцүү оролцдог. Хүүхдүүд, ач зээ нар маань бас их тусалдаг. Том, жижиг гэлтгүй зав чөлөөгөөрөө ирж чадах чинээгээрээ ногооны ажилд оролцдог. Ногоо услахад, тахиа туулайгаа тэжээхэд гээд л хүүхдүүдийн тус их шүү.

-Та сая хэлсэн шүү дээ. Сумаа ногоон болгож, цэцэрлэгжүүлэх мөрөөдөлтэй гэж. Тэгвэл сумынхаа иргэдийг юу гэж уриалмаар байна?

-Манай сумын хүн бүр, айл өрх бүр хашаанд амьдарч байна. Тиймээс хашаандаа жимс ногоо, хамгийн гол нь мод тариасай. Цөлжилт гэдэг зүйлийн эсрэг хүн бүр мод тарьснаар тэмцэж чадна. Айл болгон хашаандаа мод тариасай. Нөгөө талаар өөрсдийнхөө амьдрах орчинг сайжруулж, стресс бухимдлаа тайлахын тулд цэцэг тариасай гэж их боддог. Цэцэг гэдэг харахад л стресс тайлагддаг сайхан зүйл шүү дээ. Манай суманд Оюу толгойн мод үржүүлгийн газар гэж бий. Хавар үнэ төлбөргүй аж ахуй, нэгж, ард иргэдэд үнэ төлбөргүй тараадаг. Ийм сайхан боломжийг айл өрхүүд алдалгүй ашиглаасай, хашаандаа мод тариасай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.