ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД 1: “Хэсгийн төлөөлөгчийн эхнэр” Б.Батсүрэнтэй ярилцлаа

ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД 1: “Хэсгийн төлөөлөгчийн эхнэр” Б.Батсүрэнтэй ярилцлаа

iSee.mn сайт уншигч та бүхэндээ “МИНИЙ ХӨГТЭЙ ЯВДЛУУД” булангаа нээн танилцуулж байна. Анхны дугаарын зочноороо бид Монголын Үндэсний Их сургуулийн багш Б.Батсүрэнг урилаа. “Хэсгийн төлөөлөгчийн эхнэр” цувралуудаараа олон хүний хайр, талархлыг хүлээгээд буй эдний гэр бүлийн хөгтэй боловч нөгөөтэйгүүр бас хүндхэн явдлууд, цэргийн хүний ар гэрийн хүнд хэцүү боловч зоригтой, бахархалтай, айдастай, хүлээлттэй өдөр хоногуудын талаар ярилцлаа.

Б.Батсүрэн:

-ХҮЛЭЭСЭН ШӨНҮҮД УРТ, ХӨЛИЙН ЧИМЭЭГ НЬ ЦЭЭЖИЛЧИХЭЭД Л ЧИХ ТАВИАД ХЭВТДЭГ ДЭЭ-

-Та манай уншчигдад өөрийгөө болон өөрийн гэр бүлээ танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Батсүрэн гэдэг. Би Монголын Үндэсний Их сургуульд газар зохион байгуулалтын багш хийдэг. ХААИС-ийг 2008 онд газар зохион байгуулагч мэргэжлээр төгсөж, 2012 онд магистерийн зэргээ хамгаалсан. Манай хүн цагдаагийн байгууллагад ажилладаг. Арван жилдээ нэг анги байгаад манай хүн академид, би ХААИС-д орж байлаа. Нөхөр маань сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Заг суманд хуваарьлагдаж, би араас нь гурав, дөрвөн сарын дараа очиж байв. Одоо ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй.

-Та нөхрийнхөө хойноос сум руу явж байсан нь хэдэн жилийн өмнөх явдал вэ?

-2008 онд сургуулиа төгсөнгүүтээ хуваарь сонсоод явчихсан. Явахдаа уулзахчгүй явчихаж байсан санагддаг. Утсаар л “Заг сум руу” гэж хэлэхийг нь “Лаг сум” гэж сонсчихоод, баахан хайж, ээж ааваасаа асууж, сураглаж байсан. Тэр жил олимп болж таараад бид хоёр зурагтгүй болохооор айл айл хэсээд л олимп үзээд явдаг байснаа санадаг юм.

-Цэргийн хүний гэргий эр нөхрөө хаа явсан газар нь дагаж амьдардаг онцлогтой. Сургууль соёл төгсөж, мэргэжил боловсролтой, ажил төрөлтэй болчихсон ч тоггүй, цахилгаангүй алслагдсан сум суурин руу явж нөхөртэйгөө хамт амьдрах, хайртай гэдгээ батлах шийдвэрээ хэрхэн гаргаж байв аа?

-Манай аав цэргийн хүн. Ээж харин тухайн үед “Цэрэг дагаснаас эрэг дага” гэж хүртэл хэлж байлаа. Гэхдээ “Чи өөрөө шийдсэн бол явдаа” гэсэн. Бид хоёр арван жилийн сургуулийн есдүгээр ангиасаа, хар нялхаасаа үерхэж найзалсан юм болохоор л тэд зөвшөөрч байсан болохоос цэргийн хүн гээд дургүй байснаа хожим нь хэлж байсан. Би төгссөн даруйдаа ажилд орж, урилгаар магистерийн зэргээ хамгаалах гэж байсан учраас явахын тулд ажлаа, хичээлээ бүгдийг хаяж, тэр хүнийг бүх зүйлээ болгон сонгох ёстой болж байв. Гэтэл сэтгэл зүрх минь тэр хүний л төлөө, тэр хүн рүү л татагдаад байсан болохоос ажилтай байна уу, сургуультай байна уу хамаагүй л санагдаж байлаа. Ээж аав хоёр ч явуулахгүй гэж хэсэг хугацаанд “хорьсон”. Өвөл болж байсан болохоор нэг, хоёр сар нилээд ширүүн тэмцэлтэй учирч байгаад сүүлд нь “Би энэ чемоданаа чирээд оргоод явчихна шүү” гэж айлгаж байж явж байлаа. /инээв. сурв/ Ажлынхан хүртэл “Чи ийм сайхан ажилд орчихоод хөдөө явахаар шийдэж байдаг, тэнд очоод хөдөөний сайран хацартай хүүхэн болно доо” гээд л шоолно.

-СААТУУЛАХ БАЙРАН ДАХЬ 3Х3 ХЭМЖЭЭТЭЙ ЖИЖИГ ӨРӨӨНД АМЬДРАЛАА ЭХЭЛЖ БАЙЛАА-

-Ажлаа, хичээлээ, гэр бүлээ умартаад нөхөр дээрээ очиход нөхөр тань таныг хэрхэн угтаж авч байв? Төсөөлж байснаас ямар байв?

-Төсөөлөл байгаагүй. Тоггүй, утасгүй газар л гэж мэдэж байсан. Манай хүн тэндээс над руу утсаар залгахдаа сумынхаа холбооноос ярина. Холбоо нь их инээдтэй. Гэр хорооллын модон жорлон шиг шар хаалгатай жижиг дөрвөлжин дотор орж байж ярина. Би ярих гэж эндээс залгахаараа “Ууганболдтой ярья, Ууганболдтой ярья” гэж узелиэр зарлуулж байж ярина. 2008 он шүү дээ. Байнга нэг дор байж байгаад гэнэт л холдчихсон хоёр болохоор ойр ойрхон ярих гэж хичээнэ. Гэхдээ ярих болгонд л нөхөр маань “Ир, ир” гэнэ. Хадмууд маань ч их сайн хүмүүс “Өөрсдөө л шийд, бид хүний хүүхдийг тийш яв гэж хэлж чадахгүй ч яваасай л гэж бодож байна” гэнэ. Би ч өөрөө тийшээ татагдаад байснаас ажил хийх ч сонирхолгүй болсон байв.

Ингээд л нөхөр рүүгээ явж, нөхөр намайг аймаг дээр тосч авлаа. Хотод өссөн хүүхэд болохоор аймаг сум гэж мэдэхгүй, нэг л их шороо бурхирсан, шарилжнууд нь хатчихсан газар шиг л санагдаж байлаа. “Пөөх, ийм хөгжил муутай аймаг байдаг юм байхдаа” л гэж бодож байсан.

Намайг ирэх гэж байгааг дуулсан нөхөр маань “аминдаа” л бэлдэж ганц жижиг өрөөнийхөө нэг хэсгийг гал тогоо болгоод бичгийн ширээ тавьчихсан, нэг жижиг даавуун шкаф, хоёр аяга, хоёр таваг, хоёр халбага, сэрээтэй, Хар хорин хотын зурагтай нэг хивстэй угтан авч, айл гэр болж байлаа. Найз нь “Бид хоёр хоног үүгээр бэлдэж баахан явсан, хонь гаргасан, чамайг мах биш ногоо сайн иддэг гээд хамаг л дэлгүүрээр нь ногоо хайж явсан” гэж байсан. Төвөөс алслагдсан сум болохоор авч бэлдсэн төмс, ногоо нь зөөлөрч, шалчийсан байсан нь санаанаас гардаггүй. Ер нь айл гэрт эмэгтэй хүн очиж байж л “айл” болдог юм билээ.

-Үүнээс өмнө таны нөхөр ганцаараа амьдарч байсан хэрэг үү?

-Цагдаагийндаа амьдардаг байсан. Урт байшингийн гурван өрөөнд цагдаа нар, үлдсэн гурван өрөөнд нь албан тасалгаанууд нь байна. Манай хүн намайг ирэх сургаар цагдаагийн байрнаасаа гарч, ажлын өрөөнийхөө ард “3х3” харьцах жижиг өрөөндөө тусдаа гарсан нь тэр юм. Шинэ хулдаас тавиад их л бэлдэж, сумаар нэг “манай эхнэр ирэх гэж байгаа” гээд ярьчихсан байж билээ. /инээв. сурв/

-Ажлын өрөө гэхээр саатуулах байртайгаа нэг байсан гэсэн үг үү?

-Тийм. Оронгуут өөдөөс саатуулах байр, үүдийг нь өнгөрөхөөр манай хүний ажлын байр, ажлын байрны ард жижиг өрөө нь манай гэр. Хүн загнахаар нь сандраад л, сонсоод суудаг байлаа. Цагдаагийн алба хаагчид их хэцүү, загнаж зандарч ярих нэг нь байхад, эвээр аргадах нэг нь байна. Загнаж зандрахгүй бол нөгөө хүмүүс нь аль болох хэргээ хүлээхгүй гэж үзнэ. Тэр болгонд би ард сонсоод л сууж байна.

-ОЛОН ХОНОГООР ӨДӨР, ШӨНӨГҮЙ ХАЙЖ БАЙЖ ОЛСОН ХҮНЭЭ ХООЛОНД ОРУУЛЖ, ТАМХИ ТАТУУЛЧИХААД ОРОХ ГАЗАРТ НЬ ОРУУЛЖ ӨГЧ БАЙСАН-

-Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулбал зүрх зориг арай багатай шиг. Гэтэл саатуулах байранд, цагдаагийн газарт ихэвчлэн л болж бүтэхгүй хүмүүс ирнэ. Энэ бүрт та “айдас, хүйдэстэй” байдаг байв уу?

-Би 20-хон насандаа явсан болохоор гэмт хэрэгтэн хэн бэ гэдэг талаар ойлголтгүй байж. Тиймээс тэр хүмүүсээс айдагчгүй байж. Би өөрөө ч сайхан гэр бүлд өсч, орилж чарладаг, харааж зүхдэг хүмүүсийг мэдэхгүй. Тэр л төсөөллөөрөө, муу хүн гэж байдгийг төдийлөн сайн мэддэггүй байж гэж одоо ойлгодог. Ирсэн хүмүүсийг хараад л “Миний аавтай чацуу юмуу даа, ээжтэй минь ойролцоо юм байна, ахтай  адилхан юмуу” гэж харж байснаас энэ хүн хэрэг хийчихсэн хүн гэж хардаггүй байж. Тэгээд ч хүмүүсийг харж байхад ихэвчлэн гэнэн байдлаар хэрэг хийчихсэн ирдгээс албаар, санаатайгаар хэрэг хийчихээд ирж байгаа хүн ховор. Эсвэл зуд турьханы дараа их хэрэг гарна. Яах аргагүй нүдэн дээр нь хүүхдүүд нь өлсөөд байгаа учраас айлын мал хулгайлчихна, тийм л хүмүүс их ирдэг. Тэр болгонд “энэ ямар хэрэг хийсэн хүн бэ” гээд асуугаад байж болохгүй. Халуун тогоонд нь байсан хүний хувьд ажиглахад л яг санаатай үйлдсэн хэрэг их ховор юм байна, архи дарснаас их болдог юм байна гэж харагдсан.

-Хөдөө орон нутаг нь нийслэлтэй харьцуулахад элдэв муу муухай бага дуулддаг шүү дээ. 

-Тиймээ, надад цайлган цагаанаараа л санагддаг. Энэ бол миний л бодол, тодорхой судалгааны үндсэн дээр өөр юм яригдах байх.

-Тэр байранд амьдарч байх явцад та хоёр тохиолдсон, одоо болтол мартагддаггүй дурсамжуудаас тань хуваалцъя.

-Тэнд их л юм болсон. Дандаа л бүтэлгүй, инээдтэй. Очоод удаагүй жирэмсэн болчихсон болохоор 2009 оны эхээр эргээд Улаанбаатарт амаржих гээд ирж байсан. Тэрхэн хооронд л, хагас жилийн хугацаанд л ийм их паянтай болчихож байгаа юм. Цагдаагийн ажилд тарах цаг болоод ажил эхлэх цаг гэж байхгүй, байнга л сумын төвөөр явж байна.

-Гэмт хэрэгтнүүдийг хүн гэж бодож, хүн шиг харьцах тухай та нөхрөөсөө суралцаж байсан гэсэн. Танд хэрхэн үлгэрлэж байсан бэ?  

-Тэр ах 50 гаруй настай ах байсан. Би хотод ирээд өмнөх шигээ юу гоё байна, түүнийг үзэж, түүнийг харж, нөхөртэйгөө хамт зугаална гэсэн төсөөлөлтэй байв. Гэтэл нөхөр маань хотод ирсэн даруйдаа ажлынхаа араас улайраад л, өдөр шөнөгүй түүнийг хайж, нөгөө хүн нь ч олддоггүй. Ингэж явсаар яг буцахынхаа өмнө олж чадлаа. Ингэж олон өдөр шөнө хайсан тэр гэмтэй хүнийг олоод нөхрийгөө их л уурлах байхдаа гэтэл тэгсэнгүй, харин ч өрөвдөв. Тэр нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж байлаа. “Өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж, эхнэртэйгээ өнгөрүүлж болох цагаа бүгдийг тэр хүнийг хайхын төлөө зарцуулсан, ядарч ядарчихаад зэвүүцмээр юм” гэж би бодсон. Гэтэл “Энэ ахын буруу юу байхав, нийгэм шилжих үеийн золиос юмдаа” гээд тэр настай хүнийг хоолонд оруулж, тамхи авч татуулчихаад нөгөө газар руу нь оруулж байсан. Тэр хүний хүүхдүүд гэж томоо болчихсон хүмүүс. Аавыгаа баригдсан гэдгийг ч мэдэж байсан, том ч ажил хийдэг хүмүүс. Гэхдээ аавыг нь Ганц худаг руу авч явж байхад тэд утсаа ч авсангүй, утсаар ч ярьсангүй. Би тэр ахыг гавлаад л хүргэх газар нь хүргэчих байх гэж бодтол цагдаа хүн, миний хань тэс өөр зүйл бодож байсныг нь хараад “Би ч хүн болоогүй юм байна даа” гэж бодож билээ. Ээж аавынхаа өврөөс үсрээд л нөхөртөө оччихсон болохоор бодит амьдрал ямар байдаг, хүмүүс яаж хэлмэгддэг, ямар харамсалтайгаар хэрэг төвөгт холбогддог болохыг мэдээгүй явж.

“ОРОН ДООГУУР ЧИНЬ БУУ БАЙГАА ШҮҮ, НААД НӨХРИЙГӨӨ СЭРВЭЛ ӨӨДӨӨС НЬ БУУДНА ШҮҮ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ” ГЭСЭН

-Ажлын онцлогоос шалтгаалан эр нөхрийн тань амь заримдаа дээсэн дөрөөн дээр байж, элдэв аюултай хүмүүстэй гар, үг зөрж явсан талаар та дурсаж байсан. Тухайлбал, нэг шөнийн дотор гурван ч удаа үхэлтэй нүүр тулж байсан гэдэг. Тэр явдал яг юу болсон юм бэ?

-Баянхонгор их салхитай газар. Тэр шөнө нэг их салхитай шөнө байлаа. Гэтэл нэг айлд хүн гал тавьчихаад зугтчихсан байсан. Суманд онцгой байдлын оронд цагдаа л явж байдаг, тахал өвчин гарвал бас л цагдаа явна, сонгууль болвол бас л цагдаа, түймэр гарсан ч бас цагдаа явдаг. Гал тавьсан дуудлага аваад л манай хүн явж очоод шууд үүдийг нь нээчихсэн байгаа юм. Уг нь үүдийг нь нээх ёсгүй байж, түүнийг ч мэддэггүй байж. Гэтэл өмнөөс нь өрвөлзсөн гал “сүрхх” гээд л гараад ирсэн. Гэсэн ч өөдөөс нь өрвөлзсөн гал руу орж хүүхэд, эцэг эхчүүдийг бүгдийг гаргаж авсан байгаа юм. Үсний үзүүр нь хярваслагдчихсан орж ирсэн ч Монгол дээлтэй тулдаа бие нь эрүүл үлдэж. Гал тавиад зугтсан хүнийг нь хүн харсан байж таараад заалгаж авсан даруйдаа тэр хүний араас нэхээд явчихлаа. Гэтэл нөгөө хүн нь өөрийг нь нэхэж байгааг мэдээд өндөр хясаа руу харайчихаж, манай хүн ч араас нь харайчихсан. Харайх юу байхав, эгц эрэг рүү мотоцикльтойгоо уруудчихаж. Эгц эрэг болохоор урд дугуйных нь хэгээс задарч, тэнд нь хаячихаад хүнээ хөөсөөр барьж авч. Гэтэл нөгөө хүн нь хутга, шөвөг гаргаж ирэн урдаас нь дайраад, ноцолдсоор нэг юм гавлаж авч ирсэн байдаг. Галаа унтраачихаад гэрээрээ хальт орж ирээд шанагатай ус хэд залгилаад гарахдаа надад зүгээр яваа шүү гэдгээ мэдэгдэж, ард нь хүн хүлээж суугаа гэдгийг ойлгож байж гэж нөхрөө боддог. Би гурав, дөрөвхөн өгүүлбэрт багтаагаад ярьж байгаа ч энэ бол бүтэн шөнийн явдал юм шүү дээ. Ийм үеүдэд “яах гэж ийм хэцүү амьдрал сонгов доо, нөхрийнхөө ажлыг болиулчих юмсан, аваад харьчих юмсан” гэж бодогдох үе бий. Нөхрөө хаяад явъя гэдэг бодол хэзээ ч орж ирж байгаагүй, түүнийгээ аваад явна л гэж бодогдоно. Нөхрийнхөө хүсэл сэтгэл, мөрөөдлийг хүндэлж байгаа учраас ингэж хэлж чадахгүй. Маргааш өглөө нар мандахад л нартай хамт бүх муухайг мартчихдаг. Хажууд бүрэн бүтэн сэрж байгааг нь харах л сайхан. Хүлээсэн шөнүүд урт, хөлийн чимээг нь цээжилчихээд л чих тавиад хэвтдэг дээ. Амь өрссөн юм руу явж байгаа гэдгийг нь мэдэж байгаа. Заримдаа өдөр бүр л тийм байна. Гэсэн ч надад заримыг нь хэлэхгүй, хэлээд байвал намайг сэтгэлзүйгээр “алаад” байна гэж ойлгодог байх.

-Нөхөр тань ийм өдрүүдийг өнгөрүүлж явахад ард нь хүлээгээд суух эхнэрийн дотор юу бодогддог вэ?

-Би нөхрөө байнга дагаж явахгүй болохоор айхтар зодоон нүдээн хийж байхыг нь хараагүй. Гэхдээ гэртээ орж ирэхдээ цамц нь урагдчихсан, хувцас хунар нь цус нөж болчихсон байх тохиолдол бий. Тэр болгонд “сэрхх” гээд л явчихна. Заримдаа нөхөртэйгээ уулзаж чадахгүй, өглөө эсвэл үүрээр гараад явж байхыг нь нуруунаас л харна. Одоо ч нөхөр маань хөдөө орон нутагт ажиллаж байна. Ингэж явах тоолонд ар гэр цэвэр миний нуруун дээр үлдэнэ. Тэр болгонд нь л нойргүй хонож, цагаа хараад хэвтдэг байлаа. Цаг гэдэг явахгүй, чаг чаг чаг гээд л дуугарч яваа нь тод сонсогдоно. Өдөр цэнэглэсэн аккумляторынхоо цэнэгийг дуустал номоо уншчихаад л хэвтэнэ. Олон хоногоор явбал бүр хэцүү, хүйтэнд явбал “гар хөлөө хөлдөөчих вий, энд тэнд мотоцикль нь суучихвий” гээд л санаа зовж эхэлнэ. Хүн хүлээх шиг хэцүү зүйл гэж үгүй. Түүний оронд өөрөө хүйтэнд даараад явж байсан нь дээр санагддаг. Одоо харин харьцангуй тайван байдаг болсон. Төрийн сүлд нь хамгаалаад л ороод ирнэ дээ гэж итгэдэг. Хямраад л байвал хүний ажил үйлсэд тэр хямарсан сэтгэл нь нөлөөлнө гэж итгэж, аливааг өөдрөгөөр харах хүсэлтэй.

-Орон доогуур буу байгаа шүү гэж танд нэг удаа анхааруулж байсан гэдэг. Тэр хүн нь ямар хүн болоод танд тийм анхааруулга өгч байсан юм болоо?

-Оргодол байсан. Баригдахгүй их олон сар болж, нутгийн айлуудаар хэсч, нөгөөдүүл нь ч нуугаад байж. Нөгөө хүнээсээ айсандаа тэр шүү дээ, сайндаа ч биш. Шоронгоос оргоод гарч ирэхэд нь эхнэр нь өөр хүнтэй суучихсан байхаар нь бас л хүн гэмтээчихээд зугтаж яваа нь тэр. Нэг удаа айлууд руу дурандаа сууж байтал яг л мөн байна гэнэ, яваад очтол алга болчихоод олддоггүй. Хөдөөний айл цомхон нэг гэр, хажуудаа илүү гэртэй, гэсэн ч олддоггүй. Гэтэл тэр айл үхэр гаргаж байсныг анзаарч хартал, гэдсийг нь гаргаад, гаргасан үхрэн дотор нь ороод нуугдчихсан байсан гэдэг. Энийг ярихаар хүмүүс итгэхгүй, “үлээгээд” байна гэх болов уу гэж бодоод бичээгүй. Тэр хүнийг авч ирээд саатуулах байранд байлгав. Гэхдээ нэг заль хэрэглэж согтоож, тасраасан байсан болохоор түүндээ найдаад орхиод явчихсан. Би ч номоо уншаад сууж байтал, нөхөр гарангуутаа гаднаас хаалга түгжчихсэн. Би гайхсан ч тоогоогүй. Тухайн үед сүлжээ орчихсон байсан болохоор удалгүй утсаар ярихдаа “Орон доогуур чинь буу байгаа шүү, наад нөхрийгөө сэрвэл өөдөөс нь буудна шүү гэж хэлээрэй” гэсэн. Би ч сониуч юм болохоороо орон доогуураа хартал ангийн том буу байна. Нөгөөхийг нь тэгшхэн ч барьж чадахгүй, хаанаас нь ч сум хийдгийг нь мэдэхгүй, эргүүлж тойруулж харж байгаад буцаагаад хийчихсэн. Тэр буу ажиллагаатай байсан үгүйг сайн мэдээгүй, хоёр гэнэн амьтны л хийж байгаа ажил тэр. Өнөө хүнийг 20 км-ийн цаана байх Байдраг сумын хэсэг рүү аваачиж өгөх гэтэл хүмүүс айгаад жолооч олдохгүй их хэцүү санагдаж байсан. Суманд өөрсдийн гэсэн унаа байхгүй, байгаа ганц мотоцикль нь эвдэрхий, хүмүүс нь хэрэгтнээс айгаад дэмжээд байхгүй, их бэрхшээлтэй. Суманд юм хийж байгаа хүмүүсийг жаахан дэмжээд өгч болдоггүй юм байхдаа гэж бодогдож билээ. Нэг эвдэрхий мотоцикль өгчихөөд л бүх юмандаа яв гэдэг юм.

-ӨДӨР НЬ ЦАГДАА ХЭРЭГТЭН ХОЁР, ОРОЙ НЬ НЭГ ТОГООНООС ХООЛОО ИДЭЭД СУУДАГ-

-Саатуулах байранд ирсэн хүмүүсийг та өрөвдөх, хоол, унд дөхүүлэх тохиолдлууд олон л байсан байх?

-Байлгүй яахав. Тэд чинь их олон хоногийн газраас ирнэ. Хөдөөнөөс мал хуй хулгайлчихаад ирнэ, заримдаа гадаа хононо. Орой хоол хийчихээд “За яадаг юм, гурвуулаа сууж байгаад сайхан хоолоо идчихье” гэнэ. Өдөр нь тэр хоёр хэрэгтэн, цагдаа хоёр болоод л, орой нь нэг тогооноос хоолоо идээд л сууж байдаг байсан. Угаасаа л тэр холоос ирчихсэн хүнийг хоосон нойтон суулгаад байх хэцүү. Боломжтой байсан бол тэр хүн малын хулгай хийхгүй шүү дээ, боломжгүй болоод л энд хов хоосон ирээд байцаагдаж байна. Угаасаа ч тэр суманд гуанз, халуун ус гэж үгүй. 2000 хүнтэй л сум юм. Манайд ямарсайндаа 17 литрийн тогоо байдаг, намайг ирэх гэж байгаа сургаар манай хүн авч бэлдсэн байгаа юм /инээв. сурв/ Тэр тогоогоор дүүрэн хоол хийгээд, заримдаа ахиж нэмж ч хоол хийх тохиолдлууд гарна. Учир нь хэрэгтэнгүүдтэйгээ хоолоо хувааж иднэ, орж гарсан найзуудад нь өгнө, заримдаа байцаагдаж байгаа хүмүүс оройн хоолон дээр таарвал бүгдээрээ сууж байгаад л идчихдэг байсан шүү дээ.

-Цэргийн хүний гэргий байхын хүнд хэцүүхэн талууд олон ч сайхан тал бас бий нь мэдээж. Та ямар сайхан талыг нь олж хардаг вэ?

-Юмнаас айхгүй шүү дээ, том баатартай, хамгаалагчтай. Миний хүүхдүүд ааваараа их бахархдаг нь хамгийн сайхан. Цэцэрлэг сургууль дээр судалгаа авч “Аав, ээж нь юу хийдэг вэ” гэхээр миний хүүхдүүд “Миний аав цагдаа” гэж хамгийн түрүүнд хариулдаг гэсэн. Хүүхэд ааваараа бахархана гэдэг хамгийн сайхан шүү дээ. Бахархал гэдэг хүндэтгэл, хайр бүх зүйл юм.

-Бидэнд сайхан дурсамжуудаасаа хуваалцаж, олон зуун хэсгийн төлөөлөгч болж томилогдсон залуус, тэдний ар гэрийн төлөөлөл болон жаргал зовлонгоо хуваалцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Та бүхэнд мөн баярлалаа. Энэ завшааныг ашиглан ард минь баттай хана, тулхтай түшиг болдог аав, ээждээ баярлалаа гэж дамжуулъя. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАЯР