ШИНЭ ХУУЛЬ: Нийслэлийн төсвийг улсын төсвөөс салгаж Д.Сумъяабазарын эрх мэдлийг "хаан" мэт нэмэгдүүлжээ

ШИНЭ ХУУЛЬ: Нийслэлийн төсвийг улсын төсвөөс салгаж Д.Сумъяабазарын эрх мэдлийг "хаан" мэт нэмэгдүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долдугаар сард /2021.07/ УИХ-аар баталсан. Хотын анхны бие даасан хуулийг иргэд бид ирэх 2022 оноос эхлэн дагаж мөрдөнө.

-НИЙСЛЭЛ 10 ГАРУЙ ИХ НАЯДЫН ӨМЧӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ ҮНЭТ ЦААС, БОНД БОСГОЖ БОЛНО-

Хоёрхон сарын дараанаас хэрэгжиж эхлэх тус хуулийн хүрээнд Улаанбаатар хотыг тусгай бүс, дагуул хот, татвартай болгож буйгаас гадна эдийн засгийн бие даасан хараат бус үйл ажиллагааг явуулах нөхцлөөр хангаж өгчээ. Цаашлаад нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд хийх ажлыг хүртэл тус хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, тус хуулийг баталсан нь цаг үеэ болсон сайн шийдэл болжээ.

Гэхдээ олон дунд “асуудал” бий гэдэг шиг дээрх хуулиар Хотын дарга Д.Сумъяабазарын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэмжээлшгүй эрхт “хаан” болгох магадлалтай байна.

БАРИМТ НЭГ: Хуулийн 11.1-д "Нийслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д заасны дагуу бие даасан төсөвтэй байна" гэж заажээ. Тодруулбал, Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг дангаараа бүрдүүлдэг. Цаашлаад нийт ажиллах хүч буюу татварын төлөгчдийн 72 хувь нь энд ажиллаж, амьдарч байна. Мөн мөнгөний урсгалын 85 хувь хотод эргэлддэг. Тэгэхээр энэ “аварга” эдийн засгийг улсын төсвөөс салгаж хараат бус бие даасан бизнесийн зарчмаар нь хөгжүүлэх нь тус хуулийн амин сүнс нь. Тэгэхээр Оюутолгой төсөлтэй дүйцэхүйц энэ том эдийн засгийг цаашид хот ба Д.Сумъяабазар залах нь.

БАРИМТ ХОЁР: Хуулийн 13, 14, 19 дүгээр заалтад заасны дагуу хот хувийн хэвшлийнхнээс хөрөнгө оруулалт татдаг болно. Мөн 10 гаруй их наяд төгрөгтэй тэнцэхүйц өөрийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд босгоно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд оруулна гэх нэрээр нийслэлийн өмчийг барьцаалж мөнгө олдог болно гэсэн үг. Энэ мэдэл ч Д.Сумъяабазар ба түүний нөхдөд очиж байна.

-Д.СУМЪЯАБАЗАР ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНТЭЙ АДИЛ БАТАЛГААГААР ХАНГАГДАНА-

БАРИМТ 3: Хуулийн 6.3, 6.2-т "нийслэл хот эдэлбэр газартай байна. Эдэлбэр газар нь бүсчлэлтэй байх бөгөөд эдэлбэр газрын бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар Засгийн газар тогтооно" гэжээ. Үүнээс үзвэл Хотын дарга нь газартай холбоотой ажил, асуудалд ч эцсийн байдлаар шийдвэр гаргах нь.

БАРИМТ 4: Хуулийн 23.1-д "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана" гэжээ. Үүнээс үзвэл, тэрбээр Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар ажиллах нь.

Мөн хуулийн 17.1-д Нийслэл нь нийслэлийг хөгжүүлэх сантай байж болно. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

  • 17.1.1.хотын стандарт, соёлыг хөгжүүлэх;
  • 17.1.2.ухаалаг, цахим хотын хөгжлийг дэмжих;
  • 17.1.3.үйлдвэрлэл, инновацийг дэмжих;
  • 17.1.4.хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • 17.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
  • 17.1.6.хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх;
  • 17.1.7.ногоон хөгжлийг дэмжих;
  • 17.1.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх;
  • 17.1.9.эрсдэлийг бууруулах.
  • 17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгө нь нийслэл хотын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд эх үүсвэр нь нийслэлийн төсвөөс хуваарилсан хөрөнгө байна.

ТАЙЛБАР: Үүнээс үзвэл нийслэл дэргэдээ өөрийнхөө хөрөнгөө сан байгуулах нь. Эдийн засгийн тооцооллыг хэр зөв хийсэн цаашид хэрхэн яаж удирдаж авч явахаас энэ сан үр өгөөжөө өгөх эсэх нь шийдэгдэнэ. Өмнөх шиг бүх сангийн мөнгө нь зорилтот бүлэгтээ очдоггүй эрх мэдэлтнүүд нь хуваагаад “идчихвэл” ЖДҮХС-ийн жишээнээс ялгарахгүй болох билээ. Тиймээс энэ хэсэг ихээхэн анхаарал татаж байна. 

ДҮГНЭЛТ: Хуулийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу. Товчхондоо, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Хотын дарга Д.Сумъяабазарын одоогийн удирдаж буй ажлууд дээр нь төсөв захиран зарцуулах эрхтэй болгож буй аж. Түүний хувьд өмнө нь Уул, уурхайн сайдаар ажиллаж төсөв захиран зарцуулж үзсэн нэгэн. УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, Хотын дарга болсон нь ч энэ их мөнгөтэй холбоотой юу гэдэг хардлага төрж байна.