Лацдуулсан ачааны онгоц МИАТ-ын дарга асан Ч.Хоролсүрэнгийн компанид бүртгэлтэй ажээ

Лацдуулсан ачааны онгоц МИАТ-ын дарга асан Ч.Хоролсүрэнгийн компанид бүртгэлтэй ажээ

Гаалийн татвараа төлөөгүй гэх шалтгаанаар агаарын ачаа тээврийн онгоцыг лацдаж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хашаанд байлгаж буй тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тус онгоц нь ямар учиртай эрх зүйн хувьд ямар маргаан үүссэн талаар бид сурвалжиллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус онгоц нь МИАТ компанийн асуудал эрхэлсэн дарга асан Ч.Хоролсүрэнгийн хамаарал бүхий “Монголиан Эйр Транспорт групп”-ын “Монголиан-Эйрлайнс Карго” байгууллагын нэр дээр бүртгэлтэй онгоц байх магадлалтай байна. Ч.Хоролсүрэн нь уг онгоцыг хэзээ худалдаж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гаалийн татвараа төлөөгүй гэх шалтгаанаар ийнхүү лацдуулжээ. Улмаар уг маргаан шүүх дээр явж буй аж. Тэрбээр агаарын ачааны бизнесээ  Голомт, Туушин компанитай хамтран явуулдаг гэх мэдээлэл байна. Лацдуулсан онгоцны хувьд ачаа тээврийн зориулалттай том онгоц юм. Манай улсын хэмжээнд ачаа тээврийн зориулалтын цөөн онгоц байдаг бөгөөд тэдний нэг нь тус онгоц аж.

-ТАСРААД БУЙ ЭМ ТАРИАГ ШУУД ЗАРДЛААР АВЧРААД ӨГЬЕ.
БИД ЗУГАТААД АЛГА БОЛЧИХГҮЙ
-

Энэ талаар тус компанийн төлөөлөл Б.Маргад гэх хүн “Гааль хураана гээд лацдчихсан ачааны онгоц зэврээд байж байна. Бидэнд нисэх эрх өгчих. Тасраад буй эм тариаг шууд зардлаар авчраад өгье. Гаалийн татварын маргаан шүүхээр шийдэгдэнэ. Бид зугатаад алга болчихгүй” гэжээ.

Харин агаарын тээврийн салбарт энэ талаар “Улс төр орчихоогүй бол онгоцыг явуулах ёстой юм. Учир нь энэ цаг үед онгоц лацдах нь утгагүй. Хил гааль хаагдаж, өргөн хэрэглээний хүнс, бараанаас эхлээд эм тариа хүртэл тасарч нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс энэ мэт ачааны онгоцыг явуулж эм тариа болон бусад хэрэгцээт бараагаа зөөх ёстой. МИАТ болон бусад компаниуд ч суудлаа авч байгаад ачаа ачиж байна. Тэгэхээр уг ажилд хүч нэмэхийн тулд зориулалтын онгоцыг нь ажиллуулах ёстой юм. Хэрвээ уг онгоцыг нисгэвэл компани нь мөнгө олно. Мөнгө олж байж татварын өрөө төлнө. Тэгэхээр татварын уян хатан бодлогыг үүн дээр хэрэгжүүлэх ёстой. Өр төлбөрийг дараа нь схемээр авч болно. Газар ухаж мөнгө олдог хүний хүрзийг нь хурааж авчихаад өрөө нэхээд буйтай ижил үйлдэл” гэж ярьж байна.

Ч.Хоролсүрэнгийн хувьд Монголын анхны агаарын ачаа тээврийн бизнесийг эхлүүлсэн хүн юм. Тэрбээр МИАТ-д ажиллаж удирдлагын түвшинд хүртэл ахиж, дэвшсэн. Улмаар Монголын анхны агаарын ачаа тээврийн бизнесээ эхлүүлжээ. Гэхдээ сүүлд “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн юм.