БАРИМТ: Оюутолгойн Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх ШАЛТГААНУУД

БАРИМТ: Оюутолгойн Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх ШАЛТГААНУУД

Монгол улсын Засгийн газраас Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч Рио Тинтод доорх саналыг тавьжээ.

-ТАНИЛЦ: МОНГОЛЫН ТАЛААС РИО ТИНТОД ТАВЬЖ БУЙ САНАЛУУД -

Тодруулбал,

  • Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх
  • Монголын тал менежментийн үйлчилгээний төлбөрөөс хувь тэнцүүлэн төлбөр авч эхлэх
  • Хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүг ач холбогдол бүхий хэмжээгээр бууруулах
  • Бусад асуудлын хүрээнд харилцан ашигтай шийдлийг олох буюу Дубайн гэрээг цуцлах гэх мэт.

2019 онд УИХ-ын 92 дугаар тогтоол гарч түүнээс хойш бичиг цаас хаялцан хоёр талдаа тас гэдийлцэж байсан ажлын хэсгийн гишүүд 2020 оны хавар нүүр тулж уулзсан. Энэ процесс идэвхтэй үргэлжилж хамгийн сүүлд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Монголд айлчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд болон бусад албаныхантай уулзсанаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажил үргэлжилж байна. Энэ уулзалтаар Ерөнхий сайд ч, УИХ-ын дарга ч нэгдмэл байр суурьтай байж дээрх дөрвөн саналыг тавьсан бөгөөд онцолж 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх асуудлаар боловсон шахалт хийсэн. Ерөөс бидэнд энэ чухал.

Цаашилбал Монголын талын ажлын хэсгийнхэн “Манай саналыг хүлээж авахгүй бол өөр нөхцлөөр ярилцахгүй” гэх хатуухан байр суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин Якоб Стаушолмын зүгээс манайхаас тавьсан саналыг холбогдох албаныхан, түншүүдтэйгээ ярилцаж, судлаад хариу өгнө гэж хэлээд нутаг буцсан.

Тиймээс Оюутолгойн гэрээг сайжруулах хэлэлцээр одоогоор Рио Тинтогоос хариу хүлээсэн байдалтай байна гэж хэлж болно.

-2051 ОН ХҮРТЭЛ МАНАЙ УЛС НОГДОЛ АШИГ АВАХГҮЙ ЦААШЛААД 22 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ ҮЛДЭХЭЭР БАЙГАА УЧИР ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ-

Манай талаас 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийг хүүг тэглүүлэхээр идэвхтэй ажиллаж буй нь учир шалтгаантай. Дээрх асуудлыг шийдвэрлэхгүй бол бидэнд хэд, хэдэн бодит хүндрэлтэй тулгарахаар байгаа юм.

Тухайлбал,

НЭГДҮГЭЭРТ, Оюутолгойн нийт нөөцийн 80 хувийг олборлох гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа хоёр жил гаруйгаар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал анх төлөвлөж байснаас 1.45 тэрбум доллароор хэтэрсэн. Энэ хэвээр нөхцөл байдал үргэлжилбэл Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон ч 2051 он хүртэл манай улс ногдол ашиг авахгүй цаашлаад 22 тэрбум долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Засгийн газарт танилцуулсан байдаг. Мөн 2051 он хүртэл Оюутолгой компани ашгийн татвар буюу ААНОАТ-ыг ердөө дөрөвхөн жилээр төлөхөөр тусгасан. Жишээ нь 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жилд аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөр байгаа юм. Үүнээс үзэхэд манай улс ногдол ашиг авахгүй дээрээс нь татварын бага орлого авахаар байна.

Үүнтэй холбоотойгоор жишээ дурдахад, 2013-2020 оны хооронд Эрдэнэт үйлдвэр Оюутолгой ХХК-иас 1760 сая доллар буюу 24 хувиар бага борлуулалт хийсэн боловч 900 сая доллараар 2.5 дахин илүү АМНАТ болон ААНОАТ-ыг улсад төлсөн байна.

Гэтэл Монгол улс 2010-2021 оны хооронд Оюутолгой төсөлд нийт 1665 сая долларын татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлжээ. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын үнийн өсөлтөөс хамаарч өсөн нэмэгдэх АМНАТ төлөх зохицуулалт байдаг. Харин Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр төлөх АМНАТ-ыг 5 хувь болгож тогтворжуулсан. Угтаа бол өнөөдөр зэсийн үнэ өндөр байгаа учраас АМНАТ-аас өндөр татварын орлого цуглуулж болох байв. Гэтэл тогтворжуулалтаас болж бидний авах татварын дүн хэмжээ хөдлөхгүй байсаар. Харин нөгөө талд Эрдэнэт үйлдвэр татварын хувь хэмжээг тогтворжуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй учраас өсөн нэмэгдэх АМНАТ 14 хувь хүртэл хэмжээгээр байлгаж байна.

  Оюутолгойгоос ирүүлсэн санхүүгийн загвараас харвал 2022-2051 оны хооронд манай улс 12.109 сая долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх төсөөлөлтэй байна. Харин нийт төслийн хугацаанд 13.774 сая долларын татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр байгаа аж.

ХОЁРДУГААРТ, Рио Тинто компани Оюутолгой компанид менежментийн үйлчилгээ үзүүлдэг төлбөрт хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлаас хувь тооцож төлбөр авдаг. Тиймээс Засгийн газраас менежмент болон үйл ажиллагааны үйлчилгээнд төлж байгаа төлбөрийг илүү гүйцэтгэлтэй уялдуулах, зардлын хэмжээг багасгах шаардлагатай гэж үзэж буй. Зардалд суурилж, гурав ба зургаан хувиар менежментийн төлбөр авдаг жишиг ийм хэмжээний том төсөлд төдийлөн байдаггүй. 

ГУРАВДУГААРТ, Хувь нийлүүлэгчдийн зээлийн ХҮҮ ӨНДӨР. Одоогоор зээлийн хүү нь 6.5%+libor гэсэн бүтэцтэй байна. Зээлийн хүүг бууруулснаар Монгол улсад ирэх өгөөж нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Энэ мэт зайлшгүй засах асуудлууд бий учраас Засгийн газраас 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэхийг хамгийн сайн хувилбар гэж харан ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Харин нөгөө талд Рио Тинто  Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал тавьсан.

Харин манай зүгээс бусад асуудлыг чухалчлахгүйгээр 34 хувьд ногдох зээл, хүүг л тэглэхийг хүсч байгаа. Рио Тинто манай саналыг хүлээж авснаар ямар эрсдэлд орох талаараа нарийн тооцоо судалгааг танилцуулаагүй. Гэхдээ манай саналыг дараа, дараагийн олон улсад хэрэгжүүлэх төсөлд нь саад тодгор болж мэдэх том эрсдэл гэж үзэж байгаа гэх. Монголтой барьцаад 34 хувийн зээл, хүүгээ тэглүүлнэ гэж дараагийн түншлэгчид шаардвал яах вэ гэх хувилбарыг тэд бодож байгаа. Эцэст нь, гүний уурхайг ашиглалтад оруулах төслийг амжилттай үргэлжлүүлэх нь хөрөнгө оруулагч болон манай Засгийн газрын аль алиных нь хүсэл. Энэ ажлыг зогсохыг нь хэн нь ч хүсэхгүй байгаа нь үнэн билээ. Гэхдээ бид эндээс үндэсний эрх ашгаа хамгаалж үлдэх нь л хамгийн чухал болоод байна.

Үргэлжлэл бий...