Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 21-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Энэ сарын 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.