ВИДЕО: Анчдаас зугтан, дайжсан амьтадыг дахин нутагшуулж буй “Зэрлэг амьтан үржүүлгийн төв”-ийг сурвалжлав

ВИДЕО: Анчдаас зугтан, дайжсан амьтадыг дахин нутагшуулж буй “Зэрлэг амьтан үржүүлгийн төв”-ийг сурвалжлав

Монгол орны маань зэрлэг амьтад их хотын бүс байтугай ойролцоо харагдахаа болиод 30-аад жилийн нүүрийг үзэж буй. Тиймээс бид энэ удаа сайн дураараа зэрлэг амьтан үржүүлж, нутагшуулах үйл ажиллагаа явуулж буй Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төвийг сурвалжлахаар Улаанбаатар хотоос 50 гаруй км-т байрлах "Халзангийн ам"-ыг зорилоо. 

Энэ хэсэг газарт өмнө нь буга үржүүлгийн газар байсан ч хүн амьтнаас дайжиж үрэгдэж үгүй болоод байсан юм. Харин саяхнаас Хустайн нуруунаас “Халиун буга” авч ирэн өсгөнө үржүүлж нутагшуулахаар үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллага бий болжээ. Ингэхдээ нэн ховор “Зэрлэг гахай”-г бүлээр нь үржүүлдэг болсон байна.

ВИДЕО:

 

Ингээд бид Улаанбаатар хотоос нэлээдгүй явж бартаат зам туулсаар гурван уулын завсарт горхи бүхий өндөрлөгт байрлах “Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв”-ийг олж очив. Тус газарт уулын мод руу орсон том хашаа байх бөгөөд амьтдын байдаг бололтой энэ хашаанаас зайтай найман монгол гэр байх ажээ.

Амьтадаа манаж байгаа болов уу гэмээр нэгэн залуу инээсээр биднийг тосон нөгөөх хэдэн монгол гэрийн захын гэрээс гарч ирэв. Тэрбээр энэ газарт тогооч болон тус газрыг хариуцсан менежерийн хамт суудаг бөгөөд “менежер маань ойрхон адуунд явсан” гэсэн юм. Бид ч учир байдлаа ярилцаж, сурвалжилгаа эхлэхээр тохиров. Ингээд бид тус бүр гурван хашаанд байрлах амьтдад хоол хүргэнгээ хэсэг ярилцсан юм. Түүнийг Ч.Даваажаргал гэдэг. Тэрбээр “Би ярилцлага өгч чадахгүй байхаа манай менежер удахгүй ирээд өгнө” гэх бөгөөд залуу хүн хөдөө газар интернэтээс хол байгаадаа багахан ч залхсан шинжгүй. Амьтдаа харах бүрдээ царай нь мишээсээр байлаа. Удсан ч үгүй менежер гэх залуу морьтой холоос тодорсоор ирж буулаа. Энэ залууг Ц.Ням-Очир гэдэг. “Бугат зэрлэг амьтан асрамжийн газар” нээгдэх үеэс л нялх бугуудаа угжиж, гахайнуудаа тэжээхийн зэрэгцээ бусад амьтдаа ч харж өдийг хүрчээ. 

-ЗЭРЛЭГ АМЬТАН ХАЙРЛАХ, ТЭДИЙГ ОЙЛГОХ МЭДЛЭГИЙГ ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ ҮҮДНЭЭС ЗЭРЛЭГ АМЬТАН ҮРЖҮҮЛГИЙН ТӨВӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОСОН-

Харин уг төвийн үүсгэн байгуулагч Я.Батжаргал гэх хүн бий. “Харзангийн амны энэ хэсэг газар түүний нутаг бөгөөд багадаа эл нутагт өсжээ. Тэрбээр “Бага ахуйд минь энэ нутагт сүрлэг сүрлэг зэрлэг амьтад тэр дундаа “Буга” нэлээдгүй байдаг байлаа. Би чинь ёстой л харж өссөн хүүхэд нь шүү дээ. Тэр сайхан амьтад минь дийлэнх нь эврийг нь авах гэсэн шуналтай анчдын золиос болж багассаар байгаад, харагдахаа ч байсан даа. Энэ явдалд би их эмзэглэж явдаг байсан.

Тэгээд л мөрөөдлийн минь нэг хэсэгт тэр сайхан амьтдаа энэ сайхан байгальд дахин нутагшуулж өөрөө харж хандаж байх чинь хүсэл байдаг болж хэдэн жил өвөртөлж явсан. Тэгээд нэг удаа зориглоод хоёр жилийн өмнөөс холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авч “Хан хустайн нуруу”-нас Халиун буга авчирч тэжээж эхэлсэн юм. Мөн Хэнтийгээс “Зэрлэг гахай” авчирсан. Мэдээж их биш ч амьтан асрахад баггүй зардал ордог юм байна лээ. Өвс тэжээлийг нь яах билээ, байр сууцыг нь яах билээ гээд л сайн дураараа байгуулсан газар минь учир төрөөс би юм хараагүй. Угаасаа авах ч ёсгүй шүү дээ. Энэ чинь бидний ухамсрын асуудал. Тиймээс энэ зунаас хүүхдүүдэд ч гэсэн зэрлэг амьтан хайрлах, тэдийг ойлгох мэдлэг өгөх үүднээс энэхүү газраа иргэдэд нээлттэй болгож, зэрлэг амьтдаа танилцуулж байгаа. Мэдээж ойртуулах, хоол өгүүлэхгүй байх гээд шаардлагатай бүх арга хэмжээг авдаг. Нөгөө талаас амьтад маань тэр чигтээ явах биш өвөлдөө өвс тэжээл муутай болохоор ирж байгаасай гэдэг үүднээс хүний бараа харуулах нь зүйтэй болов уу. Нутагшуулахын хувьд тавих газар нь “Байгалийн тусгай хамгаалалттай” газар учир анчид байхгүй шүү дээ” гэсэн юм.

-Ц.НЯМ-ОЧИР: УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БУЙ НЭН ХОВОР ЗЭРЛЭГ АМЬТАДЫГ АЮУЛГҮЙ ОРЧИНД ӨСГӨНӨ, ҮРЖҮҮЛЖ ОЛНООР НУТАГШУУЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО-

Үргэлжлүүлэн тус газрын тухай мэдээллийг үзэгчдэдээ хүргэх үүднээс тус төвийн менежер Ц.Ням-Очиртой ярилцлаа.

-Тэгэхээр хоёулаа “Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв”-д байгаа амьтадынхаа талаар яриагаа эхэлье. Үржүүлж буй зэрлэг амьтад нэртэй байдаг гэсэн.

-Тэгэлгүй яах вэ. Манай төв нээгдээд удаагүй учир үржүүлэх явц нь бол “Зэрлэг гахай”-ний хувьд явагдаж эхэлсэн. Зэрлэг гахай маань одоо 15 бүл, зургаан тооройтой, “Халиун буга” одоогоор гурав байна. Баянаа гэж эр буга, Бээмбий, Томко хоёр маань бол согоо энэ хэд маань үржүүлэгт орох нас нь арай болоогүй байгаа. Бас туулай, адуу гэхчлэн хэд хэдэн амьтад бий. Тэд маань бол яг энэ хоёр зүйл шиг арчилгаа шаарддаггүй юм аа.

-Сэргээн нутагшуулна гэхээр мэдээж мэргэжлийн байгууллагууд болон эмч нарын зөвлөгөө, үзлэгийн дор үйл ажиллагаа явагддаг байх?

-Тиймээ. Манай төвд зэрлэг амьтан үржүүлгийн мэргэжилтэн буюу эмч нар сар бүр ирж үздэг. Тэр үеэрээ “Зэрлэг гахай” болон “Халиун буга”-д маань юу хэрэгтэй байгаа сувилгаа хооллолт бэлчээрийн талаар бидэнд зөвлөгөө мэдээлэл өгдөг. Үүний дагуу асаргаагаа явуулдаг. Мөн “Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв” нь БОАЖЯ, Нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр “Хустайн нуруу”-нас амьтад авч ирсэн. “Зэрлэг гахай”-г бол Булган аймгийн “Бүтээлийн нуруу” болон Хэнтий аймгийн Дадал сумаас авч ирсэн. Зэрлэг амьтадыг үржүүлээд буцаагаад байгальд нь сэргээн нутагшуулах зорилготой байгууллага гэдгийг тодотгон дурдаж өгье.

-Жишээ дурдвал эмчийн зөвлөгөөгөөр зэрлэг амьтадаа хооллохдоо анхаарах зүйл юу байдаг вэ. Мэдээж зүгээр нэг өвс тэжээл ч юм уу энийг иддэг л байх гээд хамаагүй хооллож болохгүй шүү дээ.

-Хамгийн энгийнээс нь тайлбарлавал “Зэрлэг гахай” гэхэд л ойн гүнд рүү орж бүлээр амьдардаг. Тэдэнд өсөлт, хүч гээд зайлшгүй хэрэгтэй байгалиас олж авдаг ашигтай бактери гэж бий. Энд байгаа орчин хэдий байгаль ч гэсэн авч чаддаггүй. Тиймээс өгч буй хоол тэжээл болон усанд нь ашигт бактерийн нэгдлийг оруулж өгдөг. Буга маань ч ялгаагүй мөн ингэж хооллоно.

-Танай төвд зочилж буй хүмүүсийн хувьд, амьтадыг нь харах, хүрэх гэж оролдох тохиолдол байгаа байх. Гэвч байгальд нь тавих зэрлэг амьтан учир хүнд дасгаж болохгүй байх?

-Энэ асуудал дээр үйл ажиллагаагаа бас тодотгож, зөв ойлголт өгмөөр байгаа юм. Манайд ихэвчлэн хүүхэд их ирдэг. Тэдгээр хүүхдүүд мэдээж гэнэн цайлган өхөөрдөж “Халиун буга”-д ойртохыг хүсдэг. Энэ тохиолдолд манай төвд ирж байгаа хүн болон хүүхэд бүрийг би өөрөө дагуулж явж танилцуулдаг. Мөн анхааруулах зүйлсийг нь хэлж өгч, харуулдаг юм л даа.

-Анхаарах зүйлсэд?

-Хамаагүй хүрч болохгүй. Хамаагүй хоол өгч болохгүй гэх мэт. Учир нь энэ бол зэрлэг амьтан. Байгальд нь буцааж тавих учраас хүнээс их ангид байх ёстой гэсэн мэдээ мэдээллийг хэлж өгдөг.

-МАНАЙ ХААЛГААР ОРЖ ИРЭХДЭЭ ЗЭРЛЭГ АМЬТАДЫН ТАЛААР ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ИРСЭН ХҮҮХДҮҮД ХААЛГААР ГАРАХДАА ЗЭРЛЭГ АМЬТАДЫН ТУХАЙ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ, ТЭДНИЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛТЭЙ БОЛДОГ-

-“Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв”-ийн уриа буюу хүүхэд багачуудад байгаль, зэрлэг амьтадаа хайрлах сэтгэл болон мэдлэгийг олгох зорилготой гэсэн шүү дээ. Ирж буй хүүхдүүдэд энэ талаар ямар мэдээлэл өгдөг вэ?

-Дээр хэлсэнчлэн манайд ихэнхдээ хүүхдүүд ирдэг. Хүүхдүүд маань “Халиун буга”, “Зэрлэг гахай” хооллох гэж харах гэж ирнэ. Манай хаалгаар орж ирэхдээ зэрлэг амьтадын талаар ямар ч мэдлэггүй ирсэн хүүхдүүд хаалгаар гарахдаа зэрлэг амьтадын тухай тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болж буцдаг нь манай байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нэгэн том амжилт, ололт гэж үзэж байгаа.

-“Халиун буга” болон “Зэрлэг гахай”-гаа хэзээ байгальд нь тавих вэ? Нутагшиж буйг нь ажиглах уу?

-“Халиун буга” бол дөрвөн нас хүрээд нас бие гүйцэж байгальд амьдар чадвартай буюу биеэ даахаар болох үед нь GPS  суулгаж тусгай хамгаалалттай бүсэд эр эм сүргээр нь хамт тавина. Харин “Зэрлэг гахай”-ний хувьд бүлээрээ амьдардаг. Мөн ойн гүн рүү явдаг учир GPS суулгах боломжгүй ч мөн тусгай хамгаалалттай бүсэд тавихаар төлөвлөж байгаа.

-Хоёр жилийн хугацаанд зэрлэг амьтадаа харж, хамгаалсан гэсэн шүү дээ. Дээрх хоёр амьтны хувьд хүнд хэр дасдаг вэ. Танд гаргадаг өхөөрдөм зан чанар, үйлдэл бий юу?

-Байлгүй яах вэ. Бугууд маань бол хүнд их дасдаг байх гэж таамаглаж байгаа. Анханаас нь угжиж өсгөсөн болохоор ч тэр юм уу. Гахайны хувьд дасах нь баг ойртох ч баг учир байгальдаа гайгүй дасан зохицоод амьдрах байх гэж бодож байна. Аль аль нь ялгаагүй гол нь зэрлэг амьтан учир хүнээс хол байх тусмаа хурдан хувьсаж зэрлэгших байх. Гэхдээ ядаж өвөл буюу өвс тэжээл муу үед үржүүлгийн газартаа эргээд ирээсэй л гэж хүсэж байна даа.

-Энэхүү сурвалжилгыг үзсэн үзэгчид, уншигчдадаа зориулж хэлэх уриалга зөвлөмж байгаа юу?

-Бид цөөхүүлээ. Байгаль минь уудам ч өдрөөс өдөрт өнгөө алдаж доройтсоор байгаа. Тиймээс бүгдээрээ байгальдаа зэрлэг амьтаддаа хайртай байгаарай. Амьтад чинь өөрсдөө байгалиа анагааж бас бүтээдэг шүү дээ.

-Бидэнд мэдээлэл өгч, ярилцсан танд баярлалаа.

-Манай төвийг зорьж ирсэн та бүхэнд баярлалаа.

Сонирхуулахад, “Бугат зэрлэг амьтан үржүүлгийн төв”-ийг амьтад ашиглан мөнгө олж байна гэх иргэд нэлээдгүй байгаа. Тэгвэл дээр дурдсанчлан улсын төсвөөс хамааралгүй. Амьтдад хайртай иргэдийн сайн дураараа хэрэгжүүлж буй ажил учир амьтадын тэжээл, ажилчдын цалин гэхчлэн шаардлагатай хүчин зүйлсээс үүдэж хүмүүст үүд хаалгаа нээхийн зэрэгцээ мэдлэг мэдээллийг түгээж байгаа аж.