Малчин бүрийн амьдрал мянган малаас эхэлдэггүй нь лавтай. Зөвхөн тэдний хичээл зүтгэл, хэдэн арван жилийн хөдөлмөр мал, амьтнаа гэсэн сэтгэл нь өнөөдрийн мянгат, сайн малчдыг төрүүлж буй. Бид энэ удаагийн "Social ID" буландаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнид Зүүн хошууны жишиг малчин Нямын Уяханг онцоллоо. Тэрбээр Хятадын Тик Ток сүлжээнд малчин бүсгүй гэдгээрээ алдаршиж, 100 гаруй мянган дагагчдадаа Монгол аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа нэгэн юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.
ВИДЕО:
-Та сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Сайхан намаржиж байна. Намайг Нямын Уяхан гэдэг. Би Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнид Зүүн хошууны Сайхан Говь сумын Баян-оргил багийн малчин хүн байна.
-Хэзээнээс эхэлж мал маллах болов. Яагаад малчин больё гэж бодсон бэ?
-Би 2007 онд их сургуулиа төгсөөд хэсэг ажил эрхэлж байсан боловч мал, амьтанд хайртай болохоор сэтгэл татагдаад хөдөө ирж мал маллаад 11 жил болж байна.
-БИЧЛЭГҮҮД МААНЬ ЯМАР Ч МАЯГ ХУДЛАА ЗҮЙЛГҮЙ ЯГ БАЙГААГААРАА БАЙДАГ НЬ ХҮМҮҮС ДЭМЖИХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН-
-Таныг хятадын тик ток сүлжээнд бичлэгээ байршуулдаг. Малчдын нүүр царай болсон жишиг малчин гэдэг юм байна лээ. Энэ талаар дурдвал?
-Тиймээ. Би Хятадын тик токд өөрийн мал аж ахуй эрхэлж буй бичлэгээ байршуулдаг. Гол нь одоо цагт хаа сайгүй юм бүхэн их худал хуурмаг болсон шүү дээ. Харин миний бичлэгүүд ямар ч маяг худлаа зүйл ороогүй. Яг байгаагаараа байдаг нь олон хүн дэмжих гол шалтгаан болсон юм байна лээ. Одоогоор миний тик ток дагагчдын тоо 120 мянган гараад явж байна аа. Жишиг малчин гэдэг нэрийн хувьд бол хошуунаас маань надтай уулзаж өв уламжлалаа зөв зохистой хадгалж, түгээж байгааг минь сайшааж энэхүү алдрыг өгсөн юм.
-Байр сууцны хувьд бас нэлээд өөр харагдаж байна л даа. Манай Монгол Улсын малчид ихэвчлэн монгол гэрээ бариад амьдардаг. Харин танай нутгаар сүүлийн жилүүдэд их гоёмсог малчдын сууцууд харагдах болсон байна. Энэ талаар ярингаа гэрээ танилцуулж болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ байшингийн хувьд малчид маань таван жилийн өмнөөс барьж сууж эхэлсэн байшин байгаа юм. Дотоод тохижилт нь цэвэрхэн бас үзэмжтэй. Монгол хээ угалз болсон тавилгыг орчин үеийн загварлаг тавилгатай хольж байршуулсан байгаа. Өвөл зунгүй суудаг ийм байшин байдаг. Хаалга цонх нь тэр чигтэй шилэн. Нарны гэрэл сайн тусна. Малаа хархад ч амар шүү дээ. /инээв/
-Яагаад таван жилийн өмнөөс эхэлж ийм загвараар байшингуудаа барих болсон юм бол?
-Малчид маань өмнө нь жоохон боломжгүй байсан гэх юм уу даа. Мал баг маллагаа хүнд байсан. Одоо бол нөхцөл арай өөр болоод мал нь өсөж, хамаагүй бололцоотой болсон.
-Ямар ямар мал маллаж байгаа вэ. Бас амьтан тэжээдэг гэж сонссон?
-Яг одоогоор бол нөхөр бид хоёр 200 гаруй үхэр, гурван азарга адуу, 400 гаруй бог мал маллаж байна. Харин манай гэрийн гадаа миний тэжээж өсгөсөн өнчин зээр, унага, ноход, муурууд байдаг. Эд нар маань бол ихэнхдээ гэрийн гадаа л байж байдаг. Бусад нь бол бэлчээртэй явж байгаа.
-Анх хөдөө гарч малчин болохдоо хэдэн малтай байв?
-Анх нөхөр бид хоёр 2009 онд гэр бүл болж гарахдаа 50 гаруй бог малтай. Долоо найман үхэр, адуутай айл байсан. 10 гаруй жил зориг гарган зүтгэхэд нутаг ус минь түшиж байдаг юм байна гэдгийг л ойлгож авлаа.
-Гэрийнхээ гадаа байгаа тэжээвэр амьтдаа танилцуулбал? Хэдэн настай хаанаас авч ирэв?
-Манай гэрийн гадаа дотор сэлгэж амьдардаг нийт долоон тэжээвэр амьтан байгаа. Нэг өнчин зээр бий. Оторт явсан найз маань нялх ганцаараа байхад нь олж надад авч ирж өгж байсан юм. Одоо хоёр жил болж байгаа. Нэрийг нь Бөмбөөлэй гэдэг. Эрүүл энх бөмбийсөн тарган өсөхийг бэлгэдэж өгсөн нэр юм л даа. Манай Бөмбөөлэйгийн найзууд гурван нохой бас байгаа жижиг том янз бүр энэ хэдтэйгээ нийлсээр байгаад Бөмбөөлэй маань өөрийгөө нохой гэж боддог болсон гэж хэлж болно. Тэгээд бас хоёр муур, ноднингоос эхэлж тэжээсэн халзан унага гээд нөхөр бид хоёртой есүүлээ сууж байна даа.
-ЗЭЭР МААНЬ ӨӨРИЙГӨӨ НОХОЙ ГЭЖ БОДООД МАШИН ЯВАХААР НОХОЙНУУДТАЙГАА НИЙЛЭЭД НИЙЛЭЭД ДАВХИДАГ БОЛСОН-
-Зээр өөрийгөө нохой гэж боддог гэсэн шүү дээ. Өөрийгөө ингэж бодож байгааг нь яаж олж мэдэв?
-Тиймээ. Ойр замаар машин явахад нохойнууд дагаад хуцаад гүйх үед Бөмбөөлтэй маань дуун л гарахгүй болохоос нөгөө хэдтэй нийлээд давхина. /өөрөө бол бараг л хуцаад байх шиг байгаа юм/ Дөрвөн нохой байгаа юм шиг л нөгөө хэдэн нохой нь бас Бөмбөөлэйд сайн гэж жигтэйхэн.
-Унага байдаг гэсэн шүү дээ. Яагаад унагандаа биш нохойнууддаа ингэж дассан юм бол?
-Унагатайгаа хааяа хамт идээшилж яваа харагддаг гэхдээ зайтай явна. Биеэр өөрөөс нь том болохоор сүрдээд байдаг юм шиг байна лээ. Бага байхаас нь л зэрлэг амьтан болохоор нь гадаа өсгөсөн нь дээр гэж үзээд гэрт оруулахгүй гадаа нохойнуудын хажууд байрлуулдаг байсан. Тэгээд л тэр хэдтэйгээ найз болсон байх яг нохой шиг бас нэг зүйл нь нохой хэвтрээ таниад байнга хэвтдэг шүү дээ. Бөмбөөлэйд бас дөрвөлжин ширдэг тавьж өгснөөс хойш байнга тэндээ хэвтдэг болсон.
-Зээр ер нь хүнд хэр дасаж байна. Хүн болгон дээр очих уу. Танд дээр л ирдэг үү?
-Тэр тал дээр бол зэрлэг амьтан учир хүмүүст нэг их ойртохгүй ээ. Би багаас нь угжиж өсгөсөн болохоор над дээр л ирнэ миний гараас л сүү уудаг байсан. Манай нөхөр сүү өгөхөөр бас уудаггүй.
-Байгальд нь явуулах бодол байгаа юу?
-Өөрөө бэлчээртэй гараад сүрэг нь таараад явахаар бол явуулалгүй яах вэ. Харин өөрөө яваагүй байхад нь хөөж тууж явуулахгүй ээ.
-ХЭДИЙГЭЭР БИД МАХЫГ НЬ ИДДЭГ Ч МАЛ МАЛЛАН ГЭДЭГ ЗҮГЭЭР НЭГ ТАЛД БАЙЖ Л БАЙНА БИЗ ГЭЭД ОРХИХ ЗҮЙЛ БИШ-
-Танай нутагт мал маллахад юу нь онцлог, юу нь дутагдалтай байдаг вэ?
-Манай нутагт бол үхэр маллахад хамгийн тохиромжтой байдаг. Угтаа бол газар нутгийн өвс ургамал, усны байдал нь Монголын говь нутагтай бараг дөхөх байх. Гэхдээ энд тэмээ бол байхгүй. Өсгөж үзээгүй л дээ. гэхдээ энд өсдөггүй болохоор дээр үеэсээ байгаагүй юм. Бас газрын хувьд малын бэлчээр маань хашаатай. Мал сүрэг маань хашаан дотроо л бэлчинэ гэсэн үг юм. Монгол бол хаашаа ч явсан сайхан тэнүүн уудам байдаг гэж сонссон.
-Малчин байхын юун талд хамгийн их таалагддаг вэ?
-Хамгийн ихээр таалагддаг зүйл нь мал сүрэг, амьтад минь байдаг. Хэдийгээр бид махыг нь иддэг ч мал маллан гэдэг чинь зүгээр нэг талд байж л байна биз гээд орхих биш шүү дээ. Мал, амьтан гэдэг хүний сэтгэлийг маш их ойлгодог юм шиг санагддаг юм. Би хайрлахад тэд маань маш ойлгомжтой хариу үйлдлүүд үзүүлдэг. Эрхлэх, салхинаас нөмөрлөх гээд л тэдгээр мал, амьтдынхаа нүд эрхэлж байгаа, тоглож байгааг нь харах л надад хамгийн сайхан нь байдаг. Бас хөдөө нутгийн амар амгалан сайхан.
-Одоо үед мал дээр гардаг залуу хүн ховордсон шүү дээ. Танай нутгаар ялгаагүй мөн тийм байгаа гэж сонссон. Таны хувьд малчин удмаа үргэлжлүүлэх гэсэн ч хөдөөгийн амьдрал таалагдахгүй байгаа залуу үеийнхэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Мал маллан гэдэг нь нэгдүгээрт чи хэн бэ. Яг тэр хүнээрээ л насаараа байна гэсэн үг ямар ч худал хуурмаг байхгүй. Энэ нь ч та бүхнийг жаргалтай болгон. Мөн ядрахаар их ажилтай байсан ч ямар ч мал амьтан хөөрхөн царайтай болохоор хараад сууж байхад сэтгэл санаа тайван ядарснаа ч анзаараагүй сайхан болсон байдаг юм шүү. Хамгийн онцолж хэлэх зүйл нь одоо бол малчин хүний амьдралын нөхцөл шал өөр болсон. Бид дэвшин дээшилж байгаа учир амьтанд хайртай бол зөв алхам хийгээрэй гэж хүсэж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Намайг олж тэр холоос холбогдож байгаа та бүхэнд баярлалаа. Isee.mn сайтын үзэгч, уншигчдад аз жаргал эрүүл энхийг хүсье.