"Тавантолгой түлш" ХХК угаарын хийн хордлогын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Азаар хүний амь нас эрсдээгүй. Дээрх иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадсан учраас тухайн хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Айлууд битүүмж нь алдагдсан, стандартын бус зууханд гал түлж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж угаартах байдал их гарч байгаа.
Өнгөрсөн долоо хоногт угаартсан айл өрхүүдэд шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүй галласан шалтгаан их байсан. Мөн сайжруулсан шахмал түлш түлж байгаа айлуудын зуухны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Угаарын хийн хордлогод өртсөн айлууд дандаа битүүмж нь алдагдсан, стандартын бус зууханд гал түлж, угаартах нөхцөл үүсэж байна.
Түүнчлэн бороо, цас холилдож орсон энэ өдрүүдэд яндангаа авч, өрхөө битүүлснээс шалтгаалж угаартах эрсдэл ч мөн гарч байгаа. Уг нь иргэд сайжруулсан шахмал түлш түлж байгаа зуухны битүүмжид онцгой анхаарах, яндангаа хөөлөх зэргээр угаарын хийн хордлогоос сэргийлэх боломжтой. Мөн угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулах шаардлагатай байна. Хий мэдрэгч нь угаарын хийн хордлогоос сэргийлэх анхан шатны хэрэгсэл юм. Учир нь Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 24 цагийн турш айлууд дээр ялгарч байгаа угаарын хийг хянадаг.
Хяналтын дэлгэц дээр хоногт 20-30 дуудлага иргэд бөгөөд бид тухайн иргэнд угаар сөргөөр нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учраас энэ намар угаарын хийн хордлогод өртөх тоо өнгөрсөн жилүүдээс харьцангуй буурсан. Гэсэн хэдий ч ихэнх айл угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй, зай нь дуусчхаад байхад солихгүй байснаас болж угаарын хийн хордлогод өртөх тохиолдол элбэг байсаар байна. Иймд иргэд эрсдэлээс сэргийлж угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж, яндангаа хөөлөх, яндан дээврээс дээш урттай байх стандартыг мөрдөхөд анхаарах шаардлагатай" гэв.
LIVE: