Хоёр улсын мөргөлдөөнөөс үүдэж энэ онд Монгол Улсыг зорчин ирэх Орос иргэдийн тоо нэмэгдсэн. Тэдний ихэнх нь дамжин өнгөрч байгаа бол зарим нь Улаанбаатар хотод төвхнөж, амьдрахаар зүтгэж явна. Энд сайшаалтай нэг зүйл нь олон чадварлаг залуус салбар бүрд ажиллахаар хөдөлмөрлөж байгаа явдал юм. Иймд бид энэ удаагийн “Social ID” буландаа суралцахын хажуугаар дуудлагаар зураг авдаг Буриад Улсын иргэн Андрей Тугултуровыг онцлон ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Би ОХУ-ын Буриад улсаас ирсэн. Намайг Андрей Тугултуров гэдэг. Би 21 настай. Би зурагчин мэргэжилтэй. Зураг дарах хоббитой.
-Монголд хэзээ, ямар ажлаар ирсэн бэ?
-Би энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсад суралцахаар ирсэн. Одоо Улаанбаатар эрдэм их сургуульд монгол хэл, англи хэл болон солонгос хэл суралцаж байгаа.
-МОНГОЛ ХҮМҮҮС ЗУРАГ АВХУУЛАХ ДУРТАЙ ГЭЖ БИ СОНССОН УЧРААС АЖИЛ ХАЙЖ ЭХЭЛСЭН-
-Хэд хэдэн удаа таныг хүмүүс магтсан байхыг харсан юм л даа. “Гэр бүлээрээ салхилж байгаад зурагтай боллоо. Энэ найрсан буриад хүү дуудлага өгмөгц ирлээ” гэх мэт. Тэгэхээр таны хувьд яагаад Монгол хүмүүсийн зургийг авах болов. Бас хүссэн газраасаа дуудлага өгч авхуулж болдог гэсэн шүү дээ?
-Би монгол хүмүүс зураг авхуулах дуртай гэж би сонсож байсан юм. Тэгээд анх Улаанбаатарт ирснийхээ дараа чөлөөт цаг ихтэй байсан учраас гэрийнхээ ойролцоо ажиллаж болох студи хайж эхэлсэн. Гурван газар очсон тэдний нэг нь “Айкон студи” байсан. Тэндхийн захирал миний авсан зургуудыг “сайн байна” гэж магтаж, фейсбүүкээр сурталчлах боломжтой гэсэн юм. Үүний дараагаа инстаграм дээр миний дагагчдын тоо нэмэгдэж, direct message буюу шууд зурвас илгээдэг хүмүүс бий болсон доо. Бас би өөрөө зураг дарах хоббитой учраас надад энэ ажил маань маш их таалагддаг.
-Монгол хэл хэр ойлгож байна даа. Зураг авахдаа монгол хүмүүстэй яаж ойлголцдог вэ?
-Би ярихдаа муу ч ойлгохдоо гайгүй. Учир нь дөрвөн жилийн өмнө ээж маань Монгол руу томилолтоор явж, монголчуудтай хамтран ажиллаж, сурсан монгол үгнүүдээ надад зааж өгч, би бага зэрэг суралцсан юм л даа. Миний хувьд буриад хэлтэй төстэй болохоор монгол хэлийг амархан сурч чадна гэж бодож байгаа. Зураг авхуулах хүмүүстэйгээ нэг бол англиар ярина. Нэг бол тэгээд яаж ийж байгаад ойлголцоод л авдаг даа. /инээв/
-Гэр бүлийн хувьд. Хаана амьдардаг вэ?
-Манай гэр бүл гэвэл ээж маань л байна. Би хэзээ ч ааваа харж байгаагүй. Харин миний ээж Буриад Улсын Улаан-Үд хотод амьдардаг, тэндээ үлдсэн.
-Ээж нь буриадад үлдсэн гэлээ. Тэнд одоо ч дайны бэлэн байдал хэвээрээ байгаа шүү дээ. Ялангуяа олон тооны буриад иргэдийг цэрэгт татсан тухай мэдээллүүд гарсан. Энэ талаарх буюу дайн, цэрэг татлагын талаар таны бодол? /мэдээж та энэ асуултад хариулахгүй байж болно шүү/
-Би болж байгаа үйл явдлыг л зүгээр үнэнээр яримаар байна. Болох уу.
-Тэгэлгүй яах вэ.
-Энэ оны есдүгээр сарын 21-д цэрэг татлагын ажил эхлэхэд хамгийн түрүүнд буриад, тува, якут болон бусад үндэстнүүдийн цөөнхийг цэрэгт татаж эхэлсэн. Ялангуяа хөдөө тосгонд байгаа хүмүүсийг цэрэгт татаж, эхэлсэн юм. Түүнчлэн, цэрэгт явах чадваргүй, чадвартай, 50 болон 55 настай эрэгтэй хүмүүс бүгдийг цэрэгт авч явсан. Дараа нь зарим хүмүүсийг буцааж явуулсан байсан. Ямар ч байсан олон тооны буриад хүмүүс цэрэгт татагдсан. Харин дайны хувьд үнэхээр хүнд сэдэв. Товч хэлбэл надад маш муухай санагдаж байна.
-Гэр, нутгаа санаж байна уу?
-Зүрхнийхээ гүнд би эх орон, гэр бүл, хамаатан саднаа санаж байна. Би буцаж очихыг хүсэж байна. Гэхдээ одоо буцаж очих цаг нь биш.
-ИХЭНХ ОРОС ИРГЭД МОНГОЛ УЛСАД АРГАГҮЙ БАЙДЛЫН УЛМААС АЖИЛ ХИЙЖ БАЙНА УЧИР НЬ ЭНД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ БАГА-
-Найзуудын хамт сурдаг гэж сонссон. Олуулаа ирсэн үү. Найзууд болон орос хүмүүс энд ямар ажил хийж, хаана төвхнөж байгаа вэ?
-Тиймээ би одоо хамт сурч байгаа найзуудтайгаа хамт ирсэн. Бид олуулаа. Байрлан суралцаж байгаа. Миний бодлоор ихэнх орос иргэд Монгол Улсад аргагүй байдлын улмаас ажил хийж байна. Ямар ч байсан өдөр тутам мөнгө үрэгдэж байгаа учраас ажил хийхээс өөр аргагүй шүү дээ. Гар хоосон сууж болохгүй. Эхэндээ манай найзууд бас ажил хийхийг хүсээгүй. Энд цалингийн хэмжээ бага байсан. Гэхдээ надад бол авч байгаа цалингаараа амьдрах боломжтой харагдаж байна. Харин ирсэн Буриадуудын хамаатан садангууд Монголд байдаг учраас зарим нь монголд үлдэж цаашлаад Америк , Вьетнам руу явж байгаа гэсэн. Манай найзууд болон би суралцах зорилгоор Монголд үлдэж байгаа.
-Монголын юун чамд хамгийн их таалагдсан бэ?
-Мэдээж зөндөө юм байгаа. Энэ бүхнээс онцолж яривал надад монголчуудын гаднаас ирж байгаа хүмүүстэй харилцах харилцаа хандлага таалагдсан. Биднийг маш сайн найрсаг хүлээж авсан. Ихэнх нь тусалж, хаана юу хийж байгаа гэж сонирхож асуудаг. Эдгээр үйлдлүүд нь маш их таалагдсан.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.
-Та бүхэнд баярлалаа. Яг үнэндээ анх надтай холбогдоход би их гайхаж бас талархаж байсан. Маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.