ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жил, Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны 62 дахь жилийн өдрүүд болон ОХУ-д Монгол оюутнууд анх суралцаж эхэлсний түүхт 100 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой давхцаж буй энэ үеэр Хэнтий аймгийн Чингис хотод Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран бүсчилсэн орос хэлний олимпиадыг зохион байгуулжээ.
Сонгон шалгаруулалтын үр дүнгээр эхний байруудыг эзэлсэн сурагчид уламжлалт ёсоор ??ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардан авах гэж байна. Зүүн бүст 3 дах удаагаа зохион байгуулагдаж буй тус олимпиадад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 10 сурагч, 12 багш оролцохоор ирсэн байгаа бол орос хэл, соёл урлагийн баярын хүрээнд явагдах орос дуу, яруу найргийн уралдаанд 8-12 дугаар ангийн нийт 29 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Зүүн бүст болж буй энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар очоод буй ??ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга бөгөөд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова, Монгол-Орос найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Гавьяат багш Ё. Максим, Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Д.Намхай, сонгон шалгаруулалтын Ерөнхий шүүгч, Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэлний багш, ОХУ-ын Ерөнхий боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын боловсролын Тэргүүний ажилтан Зандаков С.И. нар өчигдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг нартай уулзаж санал бодлоо солилцлоо. В.В.Кильпякова нь улс орны байдал хүнд хэцүү болж, зарим улс орнууд хориг тавьж байгаа энэ үед энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад аймгийн удирдлагад талархал илэрхийлж цаашид бүс нутгийн хөгжлийн түүчээ болох нэн шаардлагатай боловсон хүчинг ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр сургах боломжтойг онцоллоо. Ташрамд, Хэнтий аймгийн удирдлагуудын зүгээс өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан Орос хэлний олимпиадад шалгарсан уугуул нутгийн 18 сурагч нь ОХУ-д суралцаж төгссөн мөн эдүгээ Буриад улсын Чита мужийн тэтгэлгээр 10 хүүхэд суралцаж төгссөн тухай танилцуулав. Засаг дарга Ц.Чогсомжав өөрийн зүгээс цаашид ч Оросын талтай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөрш зэргэлдээ манай хоёр орны хооронд тогтсон стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.