Л.Бадам: Үзүүлбэрийн бичлэг цацагдсаны дараа “Өшиглүүлээд насан туршдаа хамт амьдрамаар охин байна” гэсэн сэтгэгдэл ирсэн нь сайхан санагдсан

Л.Бадам: Үзүүлбэрийн бичлэг цацагдсаны дараа “Өшиглүүлээд насан туршдаа хамт амьдрамаар охин байна” гэсэн сэтгэгдэл ирсэн нь сайхан санагдсан

Монгол Улсад таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд харьцангуй хөгжиж буй. Энэ спортоор хичээллэх хүүхэд залуус олшрохын хирээр олон мундаг тамирчид төрөн гарч, тив дэлхийд нэрээ дуурсгах болжээ. Эдгээр тамирчдын нэг бол ОУХМ Л.Бадам юм. Түүний хувьд улсын долоон удаагийн аварга. Мөн өнгөрсөн онд Саудын Арабт болсон тулааны спортын олон улсын наадамд урилгаар оролцож амжилт үзүүлээд байгаа бөгөөд таеквондогийн спортын "хөөрхөн" тамирчин гэх нэрээр олонд танигдаад байгаа билээ. 

ВИДЕО: 

Түүний хувьд одоогоор МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд сурч буй. Таеквондогийн спортоор 2018 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд зургаан жилийн хугацаанд долоон удаа улсын аварга болжээ. Харин сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан үзүүлбэрийн бичлэг нь тэмцээний үеэрх богино бичлэгийн тэмцээн байсан бөгөөд хамгийн их хандал авч уг тэмцээндээ түрүүлсэн гэнэ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Анх яагаад энэ спортоор хичээллэх болов? Хэн хамгийн их нөлөөлсөн бэ? Мөн хамгийн зүйл юу байв?

-Ахлах ангид байхад дүү маань таеквондогоор хэсэг хугацаанд хичээллэж байсан юм. Тэгээд бэлтгэлээсээ орж ирээд дасгалуудаа үзүүлээд заримыг нь надад зааж өгдөг байсан. Тэр үед надад маш их таалагдаад ерөөсөө л таеквондогоор хичээллээд үзье гэж бодоод хичээллэж эхэлсэн дээ. Би зургаан настайгаасаа спортын гимнастикаар анх хичээллэж эхэлсэн. Зургаан жил орчим хичээллээд түр завсарласан байж байгаад дүүтэйгээ хамт таеквондогоор хичээллэсэн. Тэгэхээр анхны спортын суурь маань гимнастик байсан болохоор суурь сайтай байсан гэж боддог. Тэр нь таеквондогоор хичээллэхэд дөхөм болж хөдөлгөөний эвсэл ч гайгүй сайн байсан шүү.

-Таеквондогийн спортоор хичээллэхэд хүний ямар чадварууд чухал байдаг вэ? Сунгалт сайтай ч юм уу хөдөлгөөний эвсэлтэй байх ёстой юм шиг санагддаг. Анх хичээллэж эхлэхэд анхаарах ёстой зүйл байдаг уу?

-Таеквондогоор анх хичээллэж эхлэхэд ер нь өөрийгөө л аваад ирэхэд болно. Багш хүн л ер нь анхнаас нь чиглүүлээд, зааж зөвлөөд явчихна. Сунгалтгүй байсан ч тогтмол хөдөлгөөн хийгээд байхаар сунгалт нь сайжраад эхэлдэг. Дасгал хийгээд эхлэхээр хөдөлгөөний эвсэл ч сайн болдог. Тэгэхээр би хөдөлгөөний эвсэлгүй, би сунгалтгүй гэж бодолгүйгээр энэ спортоор хичээллэхийг хүсэж байгаа л бол өөрийгөө л аваад ирэхэд болно доо.

-Ямар нэгэн спортоор хичээллэхэд гэр бүлийн дэмжлэг маш  чухал байдаг. Ер нь танай гэр бүлийнхэн хэр сайн дэмждэг вэ? Мөн энэ ёспорт хүний бие, эрүүл мэндэд ямар эерэг нөлөөтэй бол?

-Манай аав спортын хүн байдаг. Дүү бид хоёрын спортод орсон шалтгаан нь манай аав гэж болно. Аав ээж хоёр маань хоёулаа л маш сайн дэмждэг. “Тэмцээн нь хэзээ болох уу?, Өнөөдөр юутай юм” гээд л ер нь маш сайн дэмждэг шүү. Спорт ер нь хүнийг зөв төлөвшүүлж өгдөг. Тэр дундаа таеквондо хүний биеийн нарийн жижиг шөрмөсүүдийг маш сайн ажиллуулдаг. Өдөр тутамдаа алхаад явахад тэр нарийн шөрмөсүүд ажилладаггүй. Харин таеквондогийн спорт тэр болгоныг л сайн ажиллуулж өгдгөөрөө давуу талтай.

-Өөрийн чинь хувьд их сургуульд сурахныхаа хажуугаар таеквондогоор хичээллэж байгаа шүү дээ. Ер нь хичээлийнхээ хажуугаар спортоор хичээллэхэд цаг зав нь хэр таарч байна?

-Спортоор хичээллэхийн тулд түүндээ маш их цаг завыг зориулах хэрэгтэй болдог. Зориулалт гаргахынхаа хэрээр өөрт нь олон амжилтууд ирдэг юм шиг санагддаг. Хүүхдүүд төгсөх ангидаа ЭЕШ-дээ бэлдэнэ. Бэлдэхийн тулд спортынхоо бэлтгэлд явахаа болилоо гэдэг байсан бол миний хувьд 12 дугаар ангид байхдаа өглөө 8-аас өдөр 14:00 цаг хүртэл хичээлдээ суучихаад 15:00-аас 16:00 цаг хүртэл сургалтанд сууна. Ахиад 17:00-19:00 цаг хүртэл бэлтгэлээ хийнгүүтээ орой 20:00 цагаас ахиад л хичээлд суудаг байсан. Хүн ер нь өөрөө хүсэх юм бол маш их цагийг зарцуулж чаддаг юм шиг л санагддаг даа.

-Таеквондогоор хичээллээд зургаан жил болсон байна тийм ээ. Энэ хугацаанд гаргасан амжилтуудаа дурдахгүй юу?

-Медалуудаа тоолоод үзсэн чинь яг долоон удаа Монгол Улсын аварга болсон байна лээ. Мөн 2019, 2023 онд БНСУ-д зохион байгуулагддаг "Young cup", "Songnam cup" гэх олон улсын тэмцээнүүдэд оролцож медаль хүртсэн байгаа. Түүнчлэн 2022 онд "Goyang 2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. 2023 онд Саудын Арабт болсон тулааны спортуудын нэгдсэн наадамд урилгаар оролцож шагналт байранд орсон байгаа.

-Монголын өнөөгийн нөхцөлд таеквондогийн спорторор хичээллээд амжилт олох боломж хэр байдаг бол? Ер нь монгол улсын энэ салбар хэр хөгжиж байгаа вэ?

Миний хувьд анх 2022 онд дэлхийн аваргад оролцоход үнэхээр хэцүү санагдаж байсан. Учир нь дэлхийн тамирчид ямар байгааг, хэр сайн байдгийг мэдэхгүй. Өөрөө  хувьдаа Монголдоо сайн байгаад байгаа ч дэлхийн тамирчдын дунд ямар байхаа мэдэхгүй байсан учраас бэлтгэл хийхэд өөртөө итгэлгүй байх зүйл их байсан. Харин дэлхийн аваргад оролцоод өөрөө дэвжээн дээр гараад бусад орны тамирчдыг хараад өөрийгөө ерөөсөө хоцроогүй юм байна гэж бодсон. Надад болон бусад монгол тамирчдад боломж байгаа юм байна. Ахиад жаахан л хичээхэд болох юм байна гэж бодсон доо.

-Монгол тамирчдын хувьд бусад орны тамирчдаас юугаараа илүү онцлог, давуу талтай байдаг юм бол? Мөн биеийн пропорцын хувьд монголчууд илүү жижиг биетэй байдаг шүү дээ. Энэ нь давуу тал ч юм уу болдог болов уу?

-Монгол тамирчид бусад орны тамирчдыг бодвол илүү тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай байдаг гэж бодож байна. Миний биеийн пропорц бол яг таеквондогийн спортод зориулагдчихсан юм шиг санагддаг. Бусад монгол тамирчдын хувьд зарим тохиолдолд намхан байх нь ашиггүй байх үе гарна. Гэхдээ өөрийнхөө бүх зүйлийг дайчлаад зүтгэхэд асуудал нэг их гарахгүй дээ.

-Гадна дотны тэмцээнүүдэд оролцоход санхүүгийн асуудал хэр гардаг бол? Өөрийн чинь хувьд санхүүгийнхээ асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Санхүүгээ ихэвчлэн хувиасаа гаргадаг. Таеквондогийн спорт ч гэлтгүй бусад спортын тамирчид ч хувиасаа зардлаа их гаргадаг. Жилд ганц олон улсын тэмцээн болоход санхүүгээ аргалаад явах боломжтой байдаг ч олон тэмцээнд ороход санхүүгийн асуудал тулгардаг. Тийм болохоор санхүүгийн асуудал шийдээд өгөх спонсор байгуллагууд хамтарч өгөх юм бол спортоор хичээллэдэг бүх тамирчдад илүү том боломж гарч ирэх байх гэж боддог. Арван жилийн өмнө ч юм уу "спортоор хичээллэхээр хоолоо олож идэхгүй. Тиймээс чи боловсрол эзэмш, их сургуульд ор, бакалаврын зэрэг хамгаал" гэдэг байсан. Гэхдээ одоо тийм зүйл нэг их шаардлагагүй болсон юм шиг санагддаг. Учир нь одоо хүүхдүүд сошиал ертөнцөд маш их цаг хугацаа зарцуулж байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ бага ч гэсэн утаснаас холдуулмаар байна гээд спортор хичээллүүлдэг. Тиймээс одоо үед спортоор хоолоо олж идэх боломжтой.