Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Дорнод аймаг дахь “Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх” төслийн нээлт энэ сарын 6-н буюу Пүрэв гарагт боллоо. Энэ нь тус банкнаас эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд санхүүжүүлсэн найм дахь амжилттай төсөлд тооцогдож байна. Төслийн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа.
-Өчигдөр буюу Пүрэв гарагт нээлтээ хийсэн “Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөх” төслийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Уг төслийг ямар шалгуураар хэрхэн санхүүжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.
-Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгодог, хөгжлийн бодлогын цорын ганц банкны хувьд шинээр хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийг дэмжин, санхүүжүүлж ирсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарын чиглэлээр “Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас энэхүү төслийг дэмжиж БНХАУ-ын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 420 сая юанийн санхүүжүүлж ажилласан. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй, чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжсэн онцлох төслүүдийн нэг юм.
-Төслийн ач холбогдлын талаар Та илүү дэлгэрүүлж ярихгүй юу?
-Энэ төсөл хэрэгжсэнээр нийлүүлэлтийн хомсдол үүсээд байгаа эрчим хүчний салбарт томоохон хэмнэлт бий болох юм. Тодруулбал, тус төсөл амжилттай хэрэгжиж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумыг эрчим хүчээр хангах ба Төвийн бүсийн эрчим хүчний системд 18МВт-ын цахилгаан хэмнэлт бий болно. Улаанбаатар хот өнгөрсөн өвлийг хүнд давсан шүү дээ. Оргил ачаалалтай улиралд эрчим хүчний хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байж хавартай золгосон. Тэгвэл Чойбалсангийн ДЦС ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд хэмнэгдэх 18-20МВт-ыг Улаанбаатар хотод дутагдаад буй цахилгааны хэрэгцээг нөхөхөд ашиглаад явах юм. Нөгөө талаар Цайрт-Овоо, Петрочайна дачин тамсаг, Цайрт Минерал зэрэг зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 15 том компанийг найдвартай эрчим хүчээр тогтвортой хангаснаар импортоор авдаг байсан 30 МВт орчим цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэж байна.
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг өсгөхөд цахилгаан эрчим хүчийг 312 МВт-аар, дулааны эрчим хүчийг 464 МВт-аар нэмэгдүүлж, системийн ачааллыг энэ хэрээр буруулахад Хөгжлийн банк хувь нэмрээ орууллаа
-Энэ нь эдийн засагт ямар хэмжээний үр ашигтай болохыг тайлбарлахгүй юу?
-“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВтц-аар буюу 130% нэмэгдэж, борлуулалтын орлого 66.5 тэрбум төгрөг буюу 97% өсөх тооцоо бий. Түүнчлэн 130 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Тухайн бүс нутгийн айл өрхүүд тогтвортой, найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангагдах, дам утгаараа нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.
Нөгөө талаараа Дорнод бол уул уурхайн онцлог бүс. Олон том уурхай энд үйл ажиллагаа явуулдгийг дурдсан. Эдгээр уул уурхайн компаниуд найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангагдсанаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, улмаар экспортын орлого нэмэгдэх эдийн засгийн үр ашгийг бид онцлон харж байгаа.
Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон уг шинэ станц ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүчний боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар, Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэж, 130 гаруй ажлын байр шинээр бий болох юм.
-Чойбалсан ДЦС-аас гадна өнгөрсөн сард нээлтээ хийсэн Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Эрчим хүчний өөр ямар төслүүдийг санхүүжүүлж байна вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банкнаас Амгалан дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөх төслийн 80 орчим хувийг санхүүжүүлсэн. Тус төсөл амжилттай хэрэгжиж, өнгөрсөн сард ашиглалтад орлоо. Үүнээс гадна нийтдээ эрчим хүчний салбарын найман төсөлд бид санхүүжилт олгосон байна. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг цахилгаан эрчим хүчийг 312 МВт-аар, дулааны эрчим хүчийг 464 МВт-аар нэмэгдүүлэн, эрчим хүчний системийн ачааллыг энэ хэрээр буруулахад хувь нэмэр оруулсан гэсэн үг. Энэ бол эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гол зарчмаа Хөгжлийн банк хэрэгжүүлэн ажиллаж буйн томоохон жишээ юм.
-Цаашид Хөгжлийн банк ямар чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодлого баримталж байгаа вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бид боловсруулаад Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Хууль эрх зүйн шинэчлэл хийснээр бид цаашид импортыг орлосон экспортын томоохон төслүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн бодлогоо гаргаад, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон санхүүжилтийн хүрээгээ боловсруулаад явж байна. Ингэснээр цаашид байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхээс гадна экспортыг дэмжсэн эксим банкны чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.
Эх сурвалж: "Өдрийн сонин" 2024.06.07 №108 (7474)