“Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагч Энхболдын Энхдэлгэрэх олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан асуудлаар шүүхэд хандахаар болсноо өнөөдөр /2026.11.16/ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр тэмцээн зохион байгуулагчдын зүгээс гэрээг нь үндэслэлгүйгээр цуцалж, эрхийг нь зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Эргэн сануулахад, Э.Энхдэлгэрэх нь энэ оны есдүгээр сарын 22-нд болсон үндэсний шалгаруулалтад түрүүлж, титмийн эзэн болсноор Пуэрто Рико улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Miss Universe” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан. Гэвч арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулагчдын зүгээс түүнийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй болсон тухай мэдэгдэж, оронд нь дэд байрын шагналт О.Намуунааг явуулахаар болсон нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл, маргаан дагуулсан билээ. Үндэсний ялагч Э.Энхдэлгэрэхийн зүгээс гэрээг цуцалсан тодорхой үндэслэл, тайлбарыг зохион байгуулагч байгууллагаас шаардсан боловч тодорхойгүй, үндэслэлгүй хариу өгсөн тул ийнхүү хууль, шүүхийн байгууллагад хандаж, нэр төр болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шийдвэрлэсэн байна.