А.Ариунзаяа: Бүлгийн гишүүдийг оноогоор дүгнэх журмыг "Пүү паа, хүний эрхэнд халдлаа" гэж хүлээж авах хэрэггүй /ВИДЕО/

А.Ариунзаяа: Бүлгийн гишүүдийг оноогоор дүгнэх журмыг "Пүү паа, хүний эрхэнд халдлаа" гэж хүлээж авах хэрэггүй /ВИДЕО/

Үндсэн хуулинд "Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж тодорхой заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нь УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхэнд халдах замаар иргэдийн баталгаатай эдлэх дээрх эрхийг зөрчиж байж болзошгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд нь хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн эрхийг хамгаалж, дуу хоолой болж ажиллах ёстой юм. Гэтэл тэдний дуу хоолойг хааж, боосон журмыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нь удаа дараа боловсрууллаа.

ВИДЕО: 

-УИХ-ЫН ГИШҮҮН А.АРИУНЗАЯА САЙД НАРЫН ҮГ ХЭЛЭХ ЭРХЭД ХАЛДСАН ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛСАН БОЛ ЭНЭ УДАА БҮЛГИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА-

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнөх хуралдаанаараа “Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл”-ийг танилцуулсан нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Уг журамд, бүлгийн гишүүд  чуулган, байнгын хорооны хурал дээр намын болон бүлгийнхээ эсрэг санал өгвөл 10 оноо хасах цаашлаад эсрэг санал өгсөн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх заалтыг багтаасан байгаа юм. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхэнд халдсан, заавал намын бүлгийн шийдвэрийг дагах ёстой гэж тулган шаардаж буй хэлбэр гэж цөөнгүй гишүүн үзэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Уг журмыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа боловсруулж, бүлгийн гишүүдээсээ саналыг нь авч байгаа аж. 

Тэрбээр мөн өнгөрсөн нэгдүгээр сард "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам"-ыг боловсруулж батлуулсан. Уг журмаар Засгийн газрын сайд нар байнгын хороо, чуулганы хуралдаанд Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлэхийг хориглож  өгсөн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодруулахад, " Манай бүлгийн оноожуулалтын журмыг би, хувь Ариунзаяа боловсруулаад байгаа юм биш. Хамтын шийдвэр гаргаж байгаа юм бол хамтын шийдвэрээ яагаад хүндлэх ёстой юм бэ гэдэг асуудал.

Энэ нь бүлгийн гишүүдийг хариуцлагажуулах, хуралдаа идэвхтэй оролцдог болгоход чиглэж байгаа юм. Улс төрийн дэмжлэг үзүүлэх гэдэг нь байнгын хороо, чуулганы хуралдаанд бүлгийг төлөөлж асуулт асууж, үг хэлэх эрхийг олгох тухай юм. 68 гишүүнтэй бүлэг аливаа асуудлаар асуулт асууж, үг хэлэх эрхийг хэнд өгөх юм.

Хариуцлагатай ажиллаж, үнэлгээний системээр үнэлэгдсэн хүнд өгнө. Бие даагчийн асуудал огт биш. Улс төрийн соёлын асуудал бөгөөд хамтын шийдвэр гаргахад гар бие оролцож, түүнийхээ талд зогсдог байх ёстой. Энэ бол Монгол Улсад, Монгол Ардын нам хийгээд байгаа юм биш. Бусад улс орон Герман, Японы парламент ийм жишигтэй. Германд бүлгийн шийдвэрийг зөрчиж байгаа хүмүүст цалингийн арга хэмжээ хүртэл авдаг. Бүлгийнхээ улс төрийн шийдвэрийг дагаж байна уу гэдгийг хянадаг хүмүүсийг хүртэл томилдог. Үүнийг "пүү паа эрхэнд халдлаа" гэж хүлээж авах хэрэггүй. Засгийн газрын гишүүд ч ялгаагүй. Хамтын шийдвэрээ гаргаад УИХ-аар хэлэлцүүлсэн бол ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Засгийн газрын тухай хуулиндаа захирагдаж, сөрж асуулт асуух ёсгүй. Энэ бол хуулиас давсан журам огт биш" гэлээ.