Нийслэлийн Байгаль орчны газрын “Амьтны асрах газар”-т наймдугаар 19-ний байдлаар идлэг шонхор, харцага, сар гэсэн шувуудын ангаахай байгаа бөгөөд гурвуулаа нисэж болон ан хийж сураагүй байгаа аж. Ийм учраас асрах төвд хооллон асарч, өд нь гүйцэт ургасны дараа хэрхэн нисэх, ан хийх зэргийг зааж байгальд буцаан тавихаар бэлдэж байна.
ВИДЕО:
-"ЭДГЭЭР ГУРВАН АНГААХАЙГААС ХАМГИЙН ЗОРИГТОЙ НЬ ИДЛЭГ ШОНХОРЫН АНГААХАЙ"-
Тус асрах газарт байрлах идлэг шонхор шувууг энэ онд “Нисэж чадахгүй шувуу байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс олжээ. Олсон даруйдаа үзлэгт хамруулж зохих эмчилгээг хийн тус газарт авчирсан байна.
Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын биологич Ж.Гантулга, “Шувууны эх нь үүрээ хүний суурьшлын бүсэд засаж өндөглөсний дараа хүнээс дайжин ангаахайгаа хаяж явсан байх магадлалтай. Одоогоор далавчаа дэвэх гэх мэт хөдөлгөөн хийхгүй байгаа нь маш бага хоногтой байхдаа эхдээ хаягдсантай холбоотой” хэмээсэн юм. Мөн эдгээр гурван ангаахайгаас хамгийн жижиг биетэй идлэг шонхор ч хамгийн зоригтой нь гэдгийг тодотгосон юм.

Харин асрах газарт байх харцагын ангаахайг дөрөв хоногийн өмнө Улаанбаатар хотын Сэлбийн зуслан орчмоос дуудлагын дагуу анх олсон байна. Анх олоход идэш, тэжээлийн дутагдалд орсны улмаас хүний гар дээрээс хоол идэж байсан бөгөөд өнөөдөр очин биологич Ж.Гантулга хоол өгөх үед өөдөөс нь дайрах үйлдэл гаргасан юм.
Байгалийн зэрлэг шувуудын хувьд ангаахай байхаасаа хүнтэй ойр байсан бол догшин зан авир гаргадаггүй ч хэдхэн өдөр хүн харагдахгүй газар байлгахад л байгалийн мэдрэмжээрээ догширч хүн рүү дайрдаг гэв.

“Энэ харцагыг хүн тэжээсэн байх өндөр магадлалтай байгаа. Анх олоход хүнд их дасгалан байсан. Манай монголчууд энэ мэт хөөрхөн харагддаг, эгдүүтэй амьтдыг жоохон байхад тэжээнэ гэж авчирсан мөртлөө томроод байгалийн зэрлэг зан авир нь гарч ирэхээр гаргаад хаядаг тохиолдлууд их байдаг. Энэ бол харгис үйлдэл юм. Эхээс нь салгаад үнэхээр л тэжээнэ гэсэн бол тэжээх л хэрэгтэй. Ангаахай байхдаа эхээсээ салсан амьтад нисэж, хоолоо олж идэх чадваргүй байдаг учраас гаргаад хаях юм бол шууд л өлсөж үхдэг” гэж биологич Ж.Гантулга ярьсан юм.

-ШУВУУД ШИЛ ЯЛГАЖ ХАРЖ ЧАДДАГГҮЙ УЧРААС ШИЛЭН ФАСАТТАЙ ӨНДӨР БАРИЛГА МӨРГӨЖ МАШ ОЛОН ШУВУУ ҮХЭЖ БАЙНА-
Харин сар шувууны ангаахай асрах төвд ирээд удаж байгаа бөгөөд нөгөө хоёр ангаахайгаа бодвол ойрын зайнд нисэж суржээ. Сар шувуу нь ихэвчлэн жижиг мэрэгчдээр хооллодог бөгөөд шонхор, харцагын ангаахайнуудаас дайжин торны нөгөө захад очиж суудаг байна. Эдгээр ангаахайнууд хэдий нэг газарт удаж байгаа ч өөр төрлийн шувууд учраас хэзээ ч бие биедээ дасдаггүй бөгөөд байгалийн мэдрэмжээрээ зөвхөн дайсан гэж боддог байна.
Хооллох үеэр харцага шувуу идлэг шонхорын биед хүрэх төдийд уурлан дайрсан бөгөөд ихэд чанга чимээ гарган сар болон харцагыг хөөж байлаа.

Мөн шувуудын суурьшлийн бүсэд үхэж байгаа том шалтгаануудын нэг бол шилэн фасадтай өндөр барилгууд болдог байна. Шувуудын хувьд шилийг ялгаж хардаггүй бөгөөд хурдтай нисэж байх үедээ мөргөж доош унан үхсэн гэх дуудлага Нийслэлийн байгаль орчны газарт цөөнгүй ирдэг байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шилэн фасаттай барилгууд махчин том шувуудын зургыг нааж, шувуудын үргээх хэрэгтэй байгаа аж.
Энэ талаар биологич Ж.Гантулга, “Манай байгууллагын зүгээс бүх шилэн фасаттай барилгад махчин шувуудын зураг хэвлэж өгөх хүндрэлтэй. Гэхдээ бид эдгээр барилгуудад мөнгөө гаргаад манай баталж өгсөн зургийн наахыг зөвлөж байгаа. Хэрэв зураг наахгүй бол жилд маш олон шувууд шил мөргөж үхэж байгаа нь харамсалтай. Бид хэдий хотод амьдарч байгаа ч амьтанд ээлтэй орчинг үргэлж бүрдүүлж байх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

