Бичлэгт гарсан шүүгчидтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

Бичлэгт гарсан шүүгчидтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан. Өнөөдөр төв талбайд тус шүүгчдийг эсэргүүцсэн иргэд цуглан жагсаал хийсэн юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ.

ТУС МЭДЭГДЭЛД:

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна. 

Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно. Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.

Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье! 

ШҮҮХИИН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

2021.02.23