Нярайг төрүүлээд хаяж явсан бүсгүй “хүүхдээ өсгөнө” гэсэн тул зургаан сарын хорих ял оноожээ

Нярайг төрүүлээд хаяж явсан бүсгүй “хүүхдээ өсгөнө” гэсэн тул зургаан сарын хорих ял оноожээ

Хүүхдээ төрүүлээд, ариун цэврийн өрөө болон бусад газарт орхиж явсан хэрэг өнгөрсөн онд хэд хэдэн удаа гарч, тухайн бүсгүйчүүд хуулийн дагуу хоригдох ялаар шийтгэгдэх нь нэмэгдэх болсон тул, бид дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтэлж байна. 

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүрэгт байрлах “Circle K”-д энэ төрлийн хэрэг гарч, олныг цочирдуулж байв. Иймд тус хэрэгтэй холбогдуулж 22 настай эмэгтэйд 18 жилийн хорих ял төлөвлөөд байгаа талаар мэдээлэл гарч эхлээд байна. 

Учир нь тухайн эмэгтэйг өөрийн төрүүлсэн хүүхдээ хаясан, энэ хэргийн улмаас нярайн амь нас эрсэдсэн, хүнийг санаатай алах гэмт үйлдэл хийсэн зэргээр хүндрүүлэх нөхцөлтэйгөөр Эрүүгийн хэрэг үүсээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1- дэх хэсэгт зааснаар “Хүнийг санаатай алах” зүйл ангиуд нь 15-18 жилийн хорих ял оноох хуулийн заалттай. Харин УЕПГ-аас уг хэрэг шалгагдаж дуусаагүй байгаа, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна гэж мэдэгдсэн. 

-ЭЦЭГГҮЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ГЭЖ ХҮМҮҮС МУУЛАХААС
АЙСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Тэгвэл дахин нэг энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард говийн нэгэн аймагт гарч, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, иргэн Б модон жорлонд нярайгаа төрүүлээд орхиж явсан байсныг иргэд олжээ. Одоо тус хүүхэд эрүүл саруул өсөж, бойжиж байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “тус эмэгтэй нь жирэмсэн гэдгээ гэр бүлийнхнээсээ нууж байсан. Улмаар модон жорлонд хүүхдээ төрүүлээд, цамцанд боон хаясан байсан. Харин тус газрын ойролцоо явсан иргэд хүүхдийн уйлах дууг сонссоноор, хүүхэд аврагдсан. Тухайн эмэгтэй нь 5 настай хүүхэдтэй, ганц бие ээж байсан бөгөөд хүмүүсийн хэл амнаас айж, сэтгэл гутралд орон, дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хуулийн байгууллагад мэдүүлсэн” гэсэн юм. 

-ЭМЭГТЭЙ “ХҮҮХДЭЭ ӨСГӨНӨ” ГЭСЭН ТУЛ НЯРАЙГ ЗУРГААН САРТАЙ БОЛСНЫ ДАРАА, БҮСГҮЙД 6 САР ХОРИГДОХ ЯЛ ЭДЛҮҮЛНЭ ГЭЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Тиймээс түүнийг “сэтгэл санааны гүнзгий хямралтай үедээ нярай хүүхдээ төрмөгц нойлын нүхэнд хаяж алахыг завдсан” гэж үзээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах ялын дүгнэлтийг гаргасан байна. 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6.1 –д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасан байдаг аж. 

Тийм учраас хуулийн дагуу тухайн бүсгүй хүүхдээ зургаан сар хүрсний дараа 6 сар хоригдох ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Зарим бүсгүйчүүд хүсээгүй жирэмслэлт, сэтгэл зүйн хямрал, хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж дээр дурдсан гэмт хэргийг үйлдэх, “ял эдлэх” тохиолдол сүүлийн жилүүдэд их гарах болсон байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зарим бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тус мэдээллийг isee.mn сайт бэлтгэн хүргэсэн болно. Мөн хувь хүний мэдээллийг нууцлах зорилгоор тухайн хэрэг болсон газар, иргэний нэр зэргийг өөрчилсөн болно.