Ж.Амгалангаар ахлуулсан шалгалтын баг ХӨСҮТ-д ажиллаж, Д.Нямхүү нарын ажилчин холбогдсон зөрчлийг илрүүлжээ

Ж.Амгалангаар ахлуулсан шалгалтын баг ХӨСҮТ-д ажиллаж, Д.Нямхүү нарын ажилчин холбогдсон зөрчлийг илрүүлжээ

Энэ сарын 17-ны өдөр /2021.03.18/ Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэр “ХӨСҮТ-д ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танилынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан байна.  Тодруулбал, эхнэр нь нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байжээ” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна.

-Д.НЯМХҮҮ БОЛОН "ТҮҮНИЙ НЯГТЛАН", ЛАБОРАТОРИЙН АЖИЛЧИД, ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫХАН НЭР ХОЛБОГДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Энэ мэдээллийг хөөж үзэхэд, эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хэд, хэдэн удаа коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээг өгсөн бөгөөд танил эмчдээ нөлөөлж хариуг нь сөрөг гаргуулдаг байсан гэх. Харин хариуг нь нөхөр нь хөдөө орон нутагт зорчихоор явахдаа ашигладаг байсан байгаа юм. Эцэст нь шинжилгээний хариу эерэг гарахад УОК-ынхон нөхрийнх нь гэж ойлгон хайж цаг алдсан бөгөөд бодит байдал дээр эхнэрийнх нь байж таарсан гэх мэдээлэл бий. Шадар сайд С.Амарсайханы ярьсан дээрх мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-өөс дотооддоо хяналт, шалгалт хийлгүүлэхээр энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргажээ.

Хүсэлтийн дагуу өчигдөр орой /2021.03.08/ ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ХӨСҮТ-д ажиллажээ.

Шалгалтын дүн гарсан бөгөөд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд өнөөдөр хүргүүлнэ гэх мэдээлэл байна. Шадар сайд С.Амарсайханы хувьд “Уг мэдээлэл нэгэнт олны анхааралд орсон тул шалгалтын дүнг мэдээлж, дэлгэх нь зүйтэй” гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа аж.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан, лабораторийн дарга, ажилчин, захирал асан Д.Нямхүү түүнтэй хамт ажилладаг байсан нягтлан нар холбогдсон байж болзошгүй аж.

- ХАРИУЦЛАГА АЛДСАН СУВИЛАГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ -

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хорт хавдартай, хэвтрийн дэглэм сахиж, байнгын асаргаа шаарддаг эмч мэргэжилтэй С  гэх эмэгтэй ХӨСҮТ-ийн сувилагчид нөлөөлж шинжилгээний хариугаа гаргуулдаг байсан гэх. Өвчнөөсөө шалтгаалан яаралтай шинжилгээ өгөх шаардлага гарсан боловч PCR шинжилгээний цаг олдохгүй хугацаа алдаж улмаар бие нь өвдөн хүндрэхдээ гэрээр эмчилгээ, асаргаа хийдэг сувилагч эгчээсээ гуйж сорьц цуглуулах савыг авчээ. Ингээд өөрөөсөө шинжилгээ авч буцаагаад сувилагчид өгчээ. Мөн охин нь шинжилгээ өгөх шаардлагатай байжээ.

Гэтэл охин нь  шинжилгээ өгөхөөс цааргалсан тул өөрөөсөө хоёр удаа сорьц авч, нэгийг нь нөхрийнхөө нэрээр явуулсан байна. 

Харин нөхрийнхөө өмнөөс сорьц өгснөө сувилагчид огт хэлээгүй аж. Гэтэл түүний өгсөн хоёр шинжилгээний хариу “ЭЕРЭГ” гарч тандалт судалгаа хийж, хавьтлыг тодруулах явцад энэ асуудал ил болжээ. Тэрбээр тухайн өдөр гадуур машинтай явж байгаад таарч түргэхэн хоёр сорьцын сав аваад буцаагаад сувилагчийн байгаа газарт аваачиж өгсөн байна.  

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨӨРЧЛӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ -

ХӨСҮТ-ийн захиргаанаас дээрх сувилагчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Чухам хаана, хэнээс мөнгө авсныг нь хууль хяналтын байгууллагаас шалгах байх. Дотооддоо шалгах боломжгүй. Иргэдийн PCR шинжилгээний сорьц нь лабораторид шинжилгээнд ороод хариу гарна шүү дээ. Тиймээс энэ гарсан хариуг өөрчлөх ямар ч боломжгүй. Технологийн хувьд ч боломжгүй.

Бүх лабораториудад автомат анализатор машинууд бий. Тухайн сорьцыг анх хаанаас, хэнээс авсныг лабораторийн хүмүүс мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, орж ирсэн сорьцыг л шинжилж байгаа. Түүнээс хариуг албаар солих ойлголт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Автомат машиных нь хариу нэг бүрчлэн тэмдэглэгдээд үлддэг. Бүгд баримттай” гэсэн юм.