БАРИМТ: “Туслалцаа үзүүлнэ үү” гэх бичигт үндэслэж Н.Баярмөнх 26 дугаар хороог бүхэлд нь хаажээ

БАРИМТ: “Туслалцаа үзүүлнэ үү” гэх бичигт үндэслэж Н.Баярмөнх 26 дугаар хороог бүхэлд нь хаажээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоног чанга хатуу хөл хорио тогтоох засаг дарга Н.Баярмөнхийн гэнэтийн захирамж гурав хоноод өнөөдөр /2021.03.20/ цуцлагдлаа. Тэрээр энэ шийдвэрээ “Эрт хэлчхээр иргэд зугтчихдаг” гэж тайлбарласан нь гал дээр тос нэмэх шиг болов.

Тэгвэл Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхөд “гэнэт шийдвэр гаргаж, 26 дугаар хороонд хөл хорио тогтоож, иргэдийн ажил амьдралыг алдагдуул” гэсэн чиглэлийг өгсөн хүн одоо ч олдохгүй, "би тийм чиглэл өгөөгүй" гэсээр байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “НОК-д ЭМЯ-аас хатуу хөл хорио тогтоох тодорхой заалтыг дурдаагүй” гэж мэдэгдсэн. 

-37 МЯНГАН ХҮНТЭЙ ХОРООГ ШӨНӨ ДӨЛӨӨР ГЭНЭТ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ОРУУЛАХАД НӨЛӨӨЛСӨН АЛБАН БИЧИГ-

Тэгвэл Н.Баярмөнх 37 мянган иргэн оршин суудаг 26 дугаар хороонд хөл хорио тогтоох захирамж гарсан тухайгаа “НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа нар тав хоног хөл хорио тогтоох үүрэг өгсөн” гэж тайлбарлаж буй. Гэтэл тэрээр мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан бичигт үндэслэж шийдвэр гаргасан байгаа юм. 

Тус албан бичигт “26 дугаар хороон 2020 оны 12 дугаар сарын 18 –наас хойш нийт 103 тохиолдол батлагдсан. Тухайлбал, 3 дугаар сарын 06-16 ны өдрийн хооронд 42 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тус хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нийт өрхийн насанд хүсэн иргэдээс PCR-ын шинжилгээ авч ойрын болон дам хавьтлыг тогтоох, дархлаажуулалтад харуулах, халдварын голомтод ариутгал халдваргүйтгэл хийлгэх шаардлагатай байна. Иймд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 21 –ний өдрийн 23:00 цаг хүртэл бүсчилсэн хамгаалалт авч голомтын өргөтгөсөн тандалт судалгаа хийхэд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Баянмонгол хороололд амьдардаг иргэдээс авсан PCR-ын шинжилгээний хариу гараагүй байна

-26 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН PCR-ЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА-

Товчхондоо, засаг дарга Н.Баярмөнх “туслалцаа үзүүлнэ үү” гэсэн үгийг хөл хорио болгон, олон мянган иргэдийн ажил амьдралд саад учруулж, цаашлаад хоёр иргэн амиа алдахад ч нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Мөн гурав хоног хатуу хөл хорионд хоригдож, PCR-ын шинжилгээ өгсөн 26 дугаар хорооны иргэдийн шинжилгээний хариу ч гүйцэд гараагүй байгаа ажээ. Тодруулбал, Баянмонгол хороололд оршин суух иргэнээс “энэ сарын 18-ны өдөр шинжилгээ авсан ч, өнөөдөр /2021.03.20/-ийн 09:00 цагийн байдлаар нь хариу нь гараагүй” байгаа ажээ.

-Н.БАЯРМӨНХ ГЭЖ ХЭН БЭ-

Н.Баярмөнх нь 2020 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 7 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 11, 12, 20, 23, 28 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч ажээ. Тэрбээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,  тус дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг гэсэн албан тушаалыг хашиж байсан, улс төрийн нам дагасан нэгэн ажээ.

Н.БАЯРМӨНХ НЬ:

  • 1972 онд  Улаанбаатар хотод төрсөн.
  • Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

БОЛОВСРОЛ:

  • 1980-1990 он: Төв аймгийн  Баянчандмань сумын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 2006-2009 он: “Хардфорд” Институт:  Зочид буудал, аялал жуучлалын менежер   
  • 2009-2010 он: Удирдлагын Академи: Бизнесийн удирдлагын менежер   
  • 2013-2014 он:  Удирдлагын Академи: Төрийн удирдлагын магистр
  • 2018-2020 он:   “Газарчин” Дээд сургууль: Хэл судлал                                                            

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ: 

  • 1992-1995 он: Дархан хотын Цагдаагийн  хэлтэс Эргүүлийн цагдаа                                     
  • 2011-2012  он: Баянзүрх Дүүргийн Засаг даргын Тамгын газар Засаг даргын Орлогч дарга                                                                       
  • 2002-2020 он:  “Старжин” ХХК   Захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2008-оноос Монгол Ардын  Намын Бага хурлын гишүүн
  • 2008-оноос Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын гишүүн                 
  • 2008-2010 он: БЗД-ийн 26-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга
  • 2008-2012 он: БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч                             
  • 2011-2012 он: МАН-ын 31-р үүрийн дарга,
  • 2012-2016 он: БЗД-ийн МАН-ын хорооны дарга                                                 
  • 2012-2016 он: БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016-2020 он: НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч
  • 2020-2024 он: НИТХ-ын  Төлөөлөгч