Амиа алдсан байлдагчийн хэргийг дэглэлттэй холбоотой гэж нутгийнхан нь үзэж байна

Амиа алдсан байлдагчийн хэргийг дэглэлттэй холбоотой гэж нутгийнхан нь үзэж байна

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай ахлах байлдагч С өнгөрсөн хоёрдугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цэргийн 0129 дүгээр ангийн хашаанд зэс уяагаар өөрийгөө боомилж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.

Үүний дараа талийгаачийн цогцсыг хоёрдугаар сарын 09-ны өдөр Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн нутагт нь хүргэж ирэхэд, тус сумын иргэд тэднээс “Талийгаачийн гэрээслэл болон шүүх эмнэлгийн дүгнэлт” зэргийг шаардаж эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Учир нь талийгаач нас барахаасаа өмнө хоёр хоногийн өмнө ахынхаа эхнэр болон найз нөхөдтэйгээ мессенжерээр холбогдож “дарамттай байгаа талаараа” мэдэгдсэн гэдэг.

Гэтэл түүний утас нь олдохгүй байгаа бол түүнийг нас барсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээгүй байхад мэдээллийн сайтад “гэрээт цэргийн алба хаагч өөрийгөө боомилсон байдалтай нас баржээ. Түүний биеэс “аав аа, ээж ээ уучлаарай. Хүү нь түрүүлээд явлаа” гэсэн утгатай гэрээслэл олдсон байна” гэх мэдээлэл цацагдсан эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Иймд нутгийн иргэд тус хэргийг гаднын нөлөөтэй гэж үзэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд гаднын нөлөө орох вий гэдэг санаа зовниж байгаа ажээ. Одоогоор нутгийн иргэд нэгдэн эсэргүүцлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн цэргийн ерөнхий газарт гомдол гаргаад байгаа юм. Энэ талаар Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн А “одоогоор хэрэг явдал яаж шийдэгдэж байгаа талаар мэдээлэл алга. Ар гэрт нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байгаа байх. Гэхдээ бид асууж, сэтгэлийн шархыг нь хөндөхийг хүсэхгүй байна. Цэргийн албанд дургүй байса бол гэрээтээр цаашаа явахгүй байсан. Тиймээс манай нутгийнхан амиа хорлосон гэдэгт нь огт итгэхгүй байгаа. Ер нь энэ цэргийн ангид олон хүн амиа алдаж байгаа” гэсэн мэдээллийг өгчээ.