Б.Баатархүү: Цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан асуудлыг дотоод хяналт шалгаж байна

Б.Баатархүү: Цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан асуудлыг дотоод хяналт шалгаж байна

Сүүлийн үед болж буй үйл явдлуудтай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын асуудал бол шүүхийн журмаар цагдаагийн байгууллагад хандсан ажил байсан. Бүртгэлтэй гэрийн хаяган дээрээ байхгүй гэсэн шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад мэдээлэл нь бүртгэгдсэн ч дуучин Д.Болд өөрөө ирж уулзаад, энэ хэрэг дууссан.

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд хуульч Б.Баасанцогттой холбоотой бичлэг дахин цацагдсан. Тэрээр энэ талаар тайлбар өгөхдөө “ЦЕГ дотоод үйл ажиллагааныхаа журмын хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад энгэрийн камер ашигладаг бөгөөд дараа нь гарах маргаанд энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан талаарх асуудлыг манай байгууллагын дотоод хяналтын алба шалгаж байгаа. Бичлэг хийх нь бол хууль бус үйлдэл биш харин энэ нь олон нийтийн сүлжээнд ил болсон асуудлыг бид шалгаж байгаа гэсэн үг. Хаанаас, яаж цацагдав гэдгийг олж тогтооно. Ямар үед ил болгох вэ гэхээр тусгай прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Мөн вакцинтай холбоотой хэд хэдэн хуурамч мэдээлэл түгсэн. Энэ асуудлаар мөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хүн нас барсан асуудлыг бол шүүх шинжилгээний дүн гарсны дараа шийднэ" гэсэн тайлбар өглөө.