Х.Баттулга нэр дэвшвэл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж өрсөлдөх эрхтэй гэж Цэцийн гишүүд маргалджээ

Х.Баттулга нэр дэвшвэл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж өрсөлдөх эрхтэй гэж Цэцийн гишүүд маргалджээ

Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болж, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон бусад хуульчдаас гаргасан өргөдлийг хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй тарсан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, Х.Баттулга нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд Цэц хариулт өгч чадалгүй хойшлуулжээ. Тиймээс уг асуудлыг өнөө, маргаашгүй дахин хэлэлцэх тов байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хуралдааны үеэр гишүүд Үндсэн хуулийн зөрчлийн маргаан үүсгэхээс илүүтэй улс төрийн маргаан өрнүүлжээ. 

Учир нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 30.2 дахь заалтад “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан юм. 

Иймд Х.Баттулга нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тэрээр “зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгогдоно” гэсэн заалтыг зөрчиж, 10 жил Ерөнхийлөгчөөр ажиллах нөхцөл бүрдэх юм. Нөгөөтэй, Х.Баттулга дахин нэр дэвшсэн тохиолдол өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших нөхцөл бүрдэх юм. 

Тодруулбал, ХҮН-ын дарга Т.Доржханд тэргүүтэй хуульчид Цэцэд гаргасан гомдолдоо, “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг дурдсан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гол маргаан болсон байна. Учир нь Үндсэн хуулийн цэц нь УИХ-аар баталсан хууль, тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах эрхтэй юм. 

Ингээд багагүй маргалдсаны эцэст Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүдээс Д.Солонго, Б.Буяндэлгэр нар хуралдааныг орхин явж, улмаар Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар шийдэлд хүрэлгүй тарсан нь энэ аж. Ямартай ч уг маргаан Үндсэн хуулийн цэц дээр нэлээн том асуудал үүсгэж Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэх шийдвэрийг гаргаж магадгүй байна.