Э.Макроны айлчлалаар “стратегийн түншлэл” яригдаж, $1 тэрбумын хөрөнгө оруулалт шийдэгдэх бол, удахгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилна

Э.Макроны айлчлалаар “стратегийн түншлэл” яригдаж, $1 тэрбумын хөрөнгө оруулалт шийдэгдэх бол, удахгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилна

Манай улс бас нэгэн түүхэн айлчлалыг маргааш, нөгөөдөр /2023.05.21-22/ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японы Хирошимад зохион байгуулагдаж буй “Их 7”-ийн төрийн тэргүүн нарын уулзалтаа өндөрлүүлээд маргааш өглөө /2023.05.20/ Монгол дахь айлчлалаа эхлүүлэх гэж байна. Энэ бол Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.

Түүний айлчлалыг угтан зарим хэвлэлд “Францтай ногоон эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлнэ. Тодруулбал, уран  олборлох чиглэлд хэлэлцээ хийнэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Монголын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажилладгийг нь хүндэлж буй илрэл гэдгийг судлаачид хэлж байна.

-ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЭМНЭЛГИЙГ БАРИХ АСУУДЛЫГ ЯРИНА -

Э.Макроны айлчлалаар хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг нэг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болох асуудлыг ярилцана гэдгийг албаныхан хэлж байна.  

Айлчлалаар талууд:

  • Цэвэр эрчим хүч буюу уран баяжуулах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцана. Энэ тухай дор дэлгэрүүлэх болно.
  • Хиймэл дагуул хөөргөх, сансар судлалыг дэмжих чиглэлд хоёр улс хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ асуудлыг айлчлалаар үргэлжлүүлэн үр дүнтэй ярилцахаар товложээ. Одоогоор манай улс хоёр хөрштэйгөө шилэн кабелиар холбогдсон. Шилэн кабель тасарвал интернэтгүй болно. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын талаасаа ч сансараас интернэт авах асуудал тулгараад буй.
  • Онцгой байдлын салбарт хамтран ажиллана. Өнгөрсөн жил Франц улсаас авсан нисдэг тэргээр нийт 70 гаруй хүний амь насыг аварсан байна.
  • Хавдрын үндэсний эмнэлгийг байгуулах асуудлыг ярилцана. Уг саналыг тодорхой хугацааны өмнө Франц улсад хүргүүлсэн бөгөөд холбогдох яамд, парламентын бүлгийн гишүүдийн түвшинд мөн ажиллаж байгаа аж.
  • Хүнсний хангамж, хөдөө аж, ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг мөн ярина. Франц улс энэ салбарт дэлхийд тэргүүлэгч орны нэг юм.
  • Оюутан залуусыг Франц улсад сургах асуудлыг хөндөнө.
  • “Тэрбум од” үндэсний хөдөлгөөний асуудлаар мөн санал солилцох аж.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ АРАВДУГААР САРД ФРАНЦАД АЙЛЧИЛНА-

Эдгээр яригдсан асуудлуудыг ирэх аравдугаар сар /2023.10/-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийх айлчлалын үеэр дахин ярих аж. Эдгээрээс анхаарал татаж буй нэг асуудал байгаа нь Франц манайхаас шар нунтаг олборлох чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал юм. Энэ талаар манай сайтад “ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшилнэ. Товчхондоо, Франц улс оросоос авдаг ураны хэрэглээгээ монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого оруулахаар А.Макрон айлчилна” хэмээн бичиж байсан. Уг нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

-ДОРНОГОВЬД ШАР НУНТАГ ОЛБОРЛОХ ОЛБОРЛОЛТЫН ТӨСӨЛД ФРАНЦ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ. 

Энэ талаар “Мон Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргалаас зарим асуултад тодруулга авлаа. Тэрбээр “Шар нунтаг олборлож, боловсруулаад авч байгаа нь уул, уурхайн асуудал. Шар нунтгийг атомын цахилгаан станцын цөмийн эрчим хүчийг гаргаж авахад ашиглаж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь манайд хамаагүй. Бидний хувьд шар нунтгаа гаргаж, экспортлох асуудлыг ярьж байна шүү дээ. Гол худалдан авагч нь Франц. Нийт 34 жилийн бизнесийн асуудлыг ярина.

Дорноговь аймгийн Зөөвч-Овоо нь ураны орд дотроо нөөцөөрөө дэлхийд эхний зургаад бичигддэг. Франц улс өмнө нь ураны 47 ордтой байсан. Тэр нь дуусаад гадны орнуудаас импортлож эхэлсэн. Францын 47 орд нийлээд манай Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордын нөөцтэй тэнцэнэ. Хоёр улсын Засгийн газар хооронд ажиллаж байна. Одоо бид ТЭЗҮ-ээ хоёр долоо хоногийн батлуулна. ТЭЗҮ ашигтай гарах ёстой. Тэгэж байж хөрөнгө оруулалтын асуудлыг ярина.

Нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт байна. 8-9 орчим тэрбум ам.долларын ашиг олохоор яригдаж байна. Уурхайд гэхэд 1500 хүн ажиллана. Туслан гүйцэтгэгч нар ажиллана. Эдийн засгийн үр өгөөж талаасаа том төсөл юм. Атомын цахилгаан станц барих асуудал бол дараагийн ажил. Эхлээд шар нунтгаа олборлох ажлыг ярьж байгаа юм” гэлээ.

Ташрамд дурдахад, манай улсад хийх айлчлалын талаар Францын хэвлэлд, “Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна” хэмээн мэдээлж буй. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад 58 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд тус улсын Жанжин штабын дарга, зөвлөх, томоохон найман хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирэх юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Чингис хааны музейг үзэж сонирхоно.