Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүхийн процесс өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тус хэргийг шүүх анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй гэх шалтгаанаар түүнийг цагдан хориогүй байдаг.
Тэгвэл УИХ-ын ээлжит сонгууль болж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр Ё.Баатарбилэг нарын хуучин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийг цагдан хорьсон уу, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан учир хорих ялыг нь эдлүүлэх ёстой ч гадуур эрх чөлөөтэй явж байна гэх шүүмжлэл олны дунд гараад байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийг одоогоор цагдан хориогүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Учир нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч тэрбээр үүнээс өмнө Улсын Дээд шүүхэд хандсан байна. Улмаар шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэргийг хуульд заасан журмын дагуу прокурорын эсэргүүцэл болон 41 гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас Ё.Баатарбилэгийг цагдан хориогүй байна. Харин Улсын Дээд шүүх Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл тус хэргийн дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх учиртай. Эс бөгөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Ё.Баатарбилэгийн хорих ялыг эдлүүлэх аж.