Ерөнхийлөгч Х.Баттулга 11 казах иргэнд уучлал үзүүлсний нэг Г.Солтан байжээ

2021-03-26 11:39

Ерөнхийлөгч Х.Баттулга 11 казах иргэнд уучлал үзүүлсний нэг Г.Солтан байжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн өрх толгойлсон 21 эмэгтэйд хүн уучлал үзүүлжээ. Мөн Наурызын баярын өдөр зарлиг гаргаж 11 казах иргэнд уучлалт үзүүлсэн байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан байжээ.

Түүнийг цагаатгасан гэх мэдээллийг ойрын хүмүүс нь өгч байсан ч үнэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөл хүссэн тул ийнхүү уучилсан байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

2021-03-26 09:39

ЖДҮХС-ийн хэргээр гурван жилийн ял авсан Г.Солтан шоронгоос гарчээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн /2020.12.19/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хорих ял оногдуулсан.

Учир нь УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийнхүү шийтгэсэн юм. 

Тэгвэл түүнийг өнгөрсөн мягмар гаригт /2021.03.24/ шоронгоос сулласан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг холбогдох хуулийн дагуу цагаадсан гэж тайлбарласан. Тэгвэл Ерөнхийлөгч түүнд уучлалт үзүүлсэн байх магадлалтай байна. 

Тодруулбал, Г.Солтан гэм буруугаа хүлээсэн учир Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн байж болзошгүй байна. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх тухай зарлигаар  ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болохыг Эрүүгийн хуульд заасан байжээ. 

Дашрамд дурдахад, Г.Солтан нь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн.

Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлэн тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгүүлж, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсоныг, мөн мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж зугтаж байсан юм. 

Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.