Энэ долоо хоногт болж өнгөрсөн Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охид оролцсон нь ховор үйл явдал болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Воронцова, Тихонова нар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганд илтгэгчээр оролцоцгоосон юм.
Гэр бүлийн амьдралаа нууцалдаг Путин 39 настай Мария Воронцова, 37 настай Катерина Тихонова нарыг хэзээ ч өөрийн хүүхдүүд гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Гэхдээ тэднийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хүүхдүүд мөн болохыг эх сурвалжууд баталдаг ба 2022 онд АНУ-ын сангийн яам тэднийг “ОХУ-ын ерөнхийлөгчийн охид” нэрээр хоригийн хар жагсаалтдаа оруулж байсан. Тихонова Оросын зэвсэгт хүчинтэй холбоотой технологийн компанид ажилладаг бол Воронцова нь төрийн өмчит генетикийн хүрээлэнд биологийн судлаачаар ажилладаг аж.
Тэгвэл ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII чуулга уулзалтад Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Чуулга уулзалтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзан Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар ярилцсан байна.
Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук цаашид Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүний хувиар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд харилцан нэвтрэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, Евразийн макро бүс дэх эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа нотлов.